ХОВД: Төгсөх ангийн сурагчид эрдмийн баяраа тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-05-22 16:46:49

Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймгийн төв буюу Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулиуд өнөөдөр Эрдмийн баярын үйл ажиллагаа зохион байгууллаа.

Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 сургуулийн хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд 12 дугаар ангийг 538 сурагч, 9 дүгээр ангийг 797 сурагч, 5 дугаар ангийг 1072 сурагч суралцан төгсөж байна.

Аймгийн удирдах ажилтнууд ерөнхий боловсролын сургуулиудын Эрдмийн баярын үйл ажиллагаанд оролцож, сурагчдад амжилт хүсч, мэдлэг ур чадвараа илүү хөгжүүлэхийг зөвлөлөө. 

Судалгаанаас үзэхэд, 2022-2023 оны хичээлийн жилд Ховд аймгийн ерөнхий боловсролын 25 сургуульд нийт 21 мянга гаруй сурагч суралцаж буй.   
Энэ хичээлийн жилд Жаргалант сумын 7 дугаар сургуулийн захирал Ц.Алтантунгалаг, 2 дугаар сургуулийн багш Н.Сэрээнэндорж, 1 дүгээр сургуулийн багш Б.Энхжаргал, 3 дугаар сургуулийн багш Н.Алимаа нар "Монгол Улсын зөвлөх багш" болжээ.   

Холбоотой мэдээ