Дорнодод ургац хураалт хангалтгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-09-09 10:35:49

Ургац хураалт төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй байгаа талаар Хүнс Хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

Өнгөрсөн хавар Дорнод аймгийн хэмжээнд 9 сумын нутагт үр тарианы 20 нэгж 42,2 мянган га талбайд тариалалт хийсэн юм.

Тус аймгийн хувьд аймгийн төвдөө гурилын үйлдвэртэй, ард иргэдийн хүнсний хэрэгцээн дэх гурил, гурилан бүтээгдэхүүнийг аймагтаа үйлдвэрлэдэг давуу талтай. Одоогоор дотоодын гурилын үйлдвэрт 540 тн улаан буудай тушаагаад байгаа ч энэ нь төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байна. 

Энэ жилийн  таримал ургамлын ургацын урьдчилсан балансыг тариалангийн аж ахуйн  нэгж, сум бүрээр нь нарийвчлан гаргажээ. Цаашид буудайн чанараас шалтгаалан дотоодын гурилын үйлдвэрт нийлүүлэх улаан буудайн үнэ тогтворгүй байж мэдэх нь. Буудай нийлүүлэхэд  шаардагдах урьдчилгаа санхүүжилтийг  тариалангийн аж ахуйн нэгжүүдэд олгох хэрэгтэй байгаа гэнэ.

Энэ жилийн тариалтын хувьд  байгалийн үзэгдлээс шалтгаалж, нийт тариалсан талбайн 31,8 хувь буюу 13,4 мянган га талбайн ургац алдаж, үр тарианы 23,3 мянган га талбайгаас 10,8 мянган тонн ургац хурааж, 5,4 мянган га талбайд малын тэжээлийг өнжихөөр урьдчилсан мэдээ гараад байгаа.

Мөн ургац хураалтыг урьдчилсан балансаар 10-15 хувиар бууруулж тооцоолсон байна. Ургац хураалтыг Халх голын тариалангийн аж ахуй нэгжүүд эхлүүлж, улаан буудайн 1200 га-г ангилан хадаж, 1000 га-г цайруулан, шуудаар 1500 га-г хадаж, нийт 2500 тн улаан буудай хураан авсан байна.

 Б.Туяа

Холбоотой мэдээ