Дэлхийн нүүдэлчдийн II наадам болж өндөрлөлөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
sarnai@montsame.mn
2016-09-09 10:14:45

БИШКЕК. /TASS/. Бүх дэлхийн нүүдэлчдийн 2 дугаар наадмын хаалтын ёслол Киргиз улсын Чолпон-Ата хотод пүрэв гарагт боллоо. Энэ хот Иссык-Куль нуурын хойд эрэгт оршдог юм.

Киргизийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч дарга Сапар Исаковын дүгнэн хэлснээр, энэ удаагийн нүүдэлчдийн наадам нь дэлхий дахины сонирхлыг ихээр татсан байна. “Бүх зүйлийг маш өндөр түвшинд зохион байгууллаа. Манай орныг өөр шинэ өнцгөөс харж танин мэдсэн байх гэж бодож байна. Дэлхий дээр амьдардаг олон хүний хувьд Киргиз гэж улс байдгийг мэдэж авсан байх” гэж тэрбээр ярьжээ.  

9 дүгээр сарын 3-8-ны өдрүүдэд болсон уг арга хэмжээнд дэлхийн 62 орны 1200 тамирчин спортын 23 төрлөөр өрсөлджээ. Нүүдэлчдийн наадмын хүрээнд болсон уралдаан тэмцээнүүдийг Киргиз болон гадаадын 35 улсын 600 орчим сэтгүүлчид сурвалжилсан байна.

Багийн дүнгээр, 70 медаль авсан Киргизийн баг тэргүүлсэн бол Туркмен болон Казахстаны багууд удаалсан байна.

С.Исаковын хэлснээр, Дэлхийн нүүдэлчдийн тоглолт Киргиз улсад хоёр жил тутам болж байх ажээ.   

Х.Сарнай 

Холбоотой мэдээ