БАЯНХОНГОР: С.Буянжаргал: Хачигт хазуулсан тохиолдолд эмнэлэгт хандахгүй бол хүндрэх аюултай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-05-22 10:39:34

Баянхонгор /МОНЦАМЭ/. Цаг уур ба газарзүйн байрлал, улирлын байдал зэргээс шалтгаалан хачиг 4-5 дугаар сарын дунд үед ичээнээс гарах бөгөөд түүний гол идэш тэжээл нь хүн, мал амьтны цус байдаг. Хачигт халдварын эрсдэлт улирал эхэлсэнтэй холбогдуулан халдварын тархалт, хор уршиг болоод түүнээс хэрхэн сэргийлэх талаар Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн Халдвар судлаач эмч С.Буянжаргалтай ярилцлаа.


-Хачигт халдварын талаар товч мэдээлэл өгнө үү?

-Жил бүрийн 4-10 дугаар сар хүртэл хачгийн идэвхжил өндөр байдаг. Хачигт халдвар нь улирлын чанартай бөгөөд урин дулаан цагт түлхүү идэвхждэг. Манай орны хувьд халдвар үүсгэгч олон зүйл байдгаас гол дамжуулагч нь ойн хачиг. Хачиг нь хүн, мал амьтны цусыг шимэгчлэн амьдардаг бөгөөд хүний биеийн нимгэн арьстай чийглэг газар буюу суга цавь, хөхний дор, чихний ар, үсэн дотор байрлаж бие рүү гүн шигдэн орж, вирус, нян зэрэг халдвар үүсгэнэ. Хачигт хазуулснаар олон төрлийн хүндрэл үүсэх эрсдэлтэй. Хоол боловсруулах замаар малын түүхий сүү, мал амьтны түүхий цус хачигт халдварыг тээж байдаг. Ноос ноолуур бэлтгэх, эмийн ургамал, жимс түүх, ой модоор зугаалах, мод бэлтгэх үед хачиг хүний биед шилжин орж, хазахад цусанд вирус орсноор хүн өвчилнө. Хачигт хазуулсан тохиолдолд эмнэлэгт хандахгүй бол хачгийн төрлөөс хамаарч хүндрэх аюултай. Тэгэхээр яг өдийд хачигт халдварын идэвхжлийн үе эхэлсэн байдаг тул иргэд анхаарал болгоомжтой байх хэрэгтэй.

-Баянхонгор аймгийн хэмжээнд хачигт халдварын тохиолдол ямар хэмжээнд байна вэ?

-Хачигт халдвар энэ онд 16 дуудлага бүртгэгдсэнээс 3 хачигт риккетсиоз бүртгэгдсэн. Хоёр хүн нь эдгэрсэн, нэг хүн эмчлүүлж байна.

-Өмнөх онуудад хэр бүртгэгдэж байсан бол?

-Хачгаар дамждаг 30 гаруй халдвар байдгаас Монгол улсын хэмжээнд хачигт энцефалит, хачигт риккетсиоз, хачигт боррелиоз өвчний хүний өвчлөлийг 2005 оноос албан ёсоор бүртгэж эхэлсэн. Манай аймгийн хувьд 2006 онд Өлзийт суманд хачигт халдвар анх бүртгэгдэж 2006-2023 онд хачгаар дамжих халдварын сэжигтэй 462 тохиолдол бүртгэгдсэнээс 112 буюу 24.2 хувь нь батлагдсан байгаа. Үүнээс хачигт энцафалит 5 буюу 4.6 хувь, хачигт риккетсиоз 96 буюу 88.3 хувь, хачигт боррелиоз 8 буюу 7.3 хувийг тус тус эзэлж байна.

-Халдварын хувьд олон төрөлтэй байх нь. Баянхонгор аймгийн хувьд ямар төрөл нь хамгийн эрсдэлтэйд орох вэ?

-Баянхонгор аймгийн хувьд хачигт риккетсиоз буюу бэлчээрийн хачгаас хүнд халдвар тархах эрсдэл өндөр хувийг эзэлж байна. Нийт батлагдсан тохиолдол аймгийн хэмжээнд 14 суманд бүртгэгдсэн нь бүсчилбэл хээрийн бүсэд 75.3говийн бүсэд 14.8, говь хээрийн бүсэд 9.8 хувь тус тус тохиолдсон байна. Иймээс голомтот бүс нутгийн ард иргэд хачигт халдвараас урьдчилан сэргийлэх шаардлагатай байгаа.

-Иргэдэд зөвлөмж, сэрэмжлүүлгийг хэрхэн хүргэх вэ?

-Байгууллагын календарчилсан төлөвлөгөөний дагуу ажлуудыг зохион байгуулж байгаа. Хамгийн сүүлд гэвэл, энэ сарын 12-13-ны хооронд Бууцагаан сумын нутагт хачигт халдварын тандалт судалгааг хийсэн. Бууцагаан сумын 3 дугаар багийн малчин айл өрхүүдэд хачигт халдварын мэдлэг, дадал, хандлагыг үнэлэх тандалт судалгааг хийж, хачигт халдвараас урьдчилан сэргийлэх яриа таниулга, санамж материалыг малчин өрхүүдэд тараасан. Мөн Бөмбөгөр, Бууцагаан сумын ЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүдэд Зонхилон тохиолдох зоонозын халдварт өвчнүүдээр сургалт зохион байгуулж, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэн, Голомтод хорио цээрийн дэглэм тогтоох хээрийн эмнэлэг, тусгаарлах эмнэлгийг дэлгэн ажиллах заавар зөвлөмжийг өгсөн. Өгөгдсөн тохиолдлын дагуу яаралтай дуудлагын бэлэн байдлыг хангаж, хүн, мал, амьтны гоц халдварт өвчний үед ажиллах мэдлэг чадавхаа дээшлүүлэх дадлага ажлыг зохион байгуулсан байгаа. Тандалт судалгаа нь хачгаар дамжих халдварын хүн амын дундах тандалт судалгааг малчин өрхүүдэд хийж, малчин иргэдийг хачигт халдвараас сэргийлэх зорилготой.

-Хачигт хазуулахаас сэргийлэх аргуудыг хэлж өгөөч?

-Өндөр өвс бутнаас зайдуу, жим голлож явах, үргээгч бэлдмэл /түрхлэг, цацлага/ хэрэглэх, хачиг харагдахаар цагаан эсвэл тод өнгийн, битүү хувцас өмсөх, малгай өмсөх, урт түрийтэй гутал өмсөх, өмдөө гутлын түрүүний дотуур хийх зэрэг энгийн аргууд бий.



-Хачигт хазуулсан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

-Хачигт хазуулсан тохиолдолд хамгийн түрүүнд хачгийг болгоомжтой ганхуулж, сугалан авах. Тэгээд хачгийг битүү саванд хийж, шинжилгээнд хамруулахаар мэргэжлийн байгууллагад хандах хэрэгтэй. Эмчид яаралтай үзүүлэх, шууд үзүүлэх боломжгүй тохиолдолд хачгийн тос түрхэх, хачиг хазсан газрыг спирт эсвэл марганцын сул уусмалаар угаах, хүйтэн жин тавих зэрэг аргыг хэрэглэж байгаад эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй.

-Хазуулснаа мэдэхгүй удвал яах вэ?

-Үе мөч саажих, юм давхарлаж харагдах, эпилепси төст уналт ажиглагдах, ухаантай байх боловч сааталтай, нойрмогдуу болох зэрэг олон хүндрэлийг дагуулж болзошгүй. Хачгийн төрөл тус бүр өөр өөр хүндрэл үүсгэдэг.

-Тодруулж болох уу?

-Манай оронд хүн амын дунд хачигт риккетсиоз, хачигт боррелиоз, хачигт энцефалит зэрэг хачгаар дамжин халддаг 3 төрлийн өвчин бүртгэгдсэн.

Эхнийх нь хачигт риккетсиозРиккетсиэр халдварлагдсан бэлчээрийн хачигт хүн хазуулахад халдвар авдаг. Манай иргэдийн дунд энэ хачгийг “малын хачиг” гэж нэрлэх нь бий. Хачигт риккетсиозын дамжуулагч Dermacentor nuttalli хачиг. Хачигт хазуулаад халдвар авсан хүнд хачиг хазсанаас хойш дунджаар 3-7 хоногийн дараа халуурах, толгой өвдөх, биеэр гүвдрүүт тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Хачигт хазуулсан хүн бүр риккетсиозоор өвчлөхгүй. Зөвхөн риккетси гэдэг нянгаар халдварлагдсан хачигт хазуулсан тохиолдолд хүн хачигт риккетсиоз өвчнөөр өвчилнө. Хазуулснаас хойш 2-10 хоногийн дараа халуурах, биеэр гүвдрүүт тууралт гарах, хачиг хазсан газарт үрэвсч шархлах, ойролцоох тунгалгийн булчирхай томрох зэрэг эмнэлзүйн шинж тэмдгүүд илэрч, зарим өвчтөн гэрээр эмчийн хяналтад эмчлүүлж байгаа ба зарим нь хачигт риккетсиор өвчилж, Халдвартын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлага гардаг.

Хачигт боррелиоз гэж төрөл бас бий. Хачигт боррелиоз, хачигт энцефалит өвчнүүд нь нэг төрлийн хачгаар дамждаг. Хачигт боррелиоз нь спирохетын төрлийн нянгаар үүсгэгдэж, иксодын төрлийн хачгаар дамждаг, төв мэдрэл, зүрх судасны тогтолцоо, арьс салст, үе мөчний эмгэгээр илэрдэг байгалийн голомтот халдварт өвчин юм. Үндсэн агуулагч, дамжуулагч болох тайгын хачиг, ойн хачиг аль аль нь өвчин үүсгэгч боррелыг хүнд дамжуулан өвчлүүлэх боломжтой. Хачигт хазуулсанаас хойш дунджаар 7-14 хоногийн дараа халуурах, толгой өвдөх, ядрах, сульдах, булчингаар өвдөх, дотор муухайрах шинж тэмдэг илэрнэ.

Хачиг хазсан газарт улайж үрэвсэх, өвдөх, 5-60 см хүртэл цагираг хэлбэрийн улайлт үүсэх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Ихэвчлэн гуя, цавь, суга, бүсэлхий, тахимны хонхорт хачиг хазаж, улайлт үүсгэнэ. Эмчилгээ хийгээгүй тохиолдолд үе мөч, зүрх, төв мэдрэлийн системийн талаас өөрчлөлтүүд илэрч, эмчлэхэд хүндрэл учран, тахир дутуу болж болзошгүй. Өвчний эрт үед эмнэлэгт хандан эмчилгээ хийлгэвэл шинж тэмдэг амархан арилж, эмчилгээний үр дүн сайн байдаг. 

Хачигт энцефалит. Энэ нь төв мэдрэлийн системийг гэмтээдэг флавивирусээр үүсгэгддэг ихэвчлэн мэнэн, тархины үрэвсэлээр илэрдэг. Уг өвчнийг хүнд дамжуулагч нь дээр дурьдсан хачигт боррелиоз өвчний дамжуулагч болох хоёр зүйлийн хачиг байдаг. Эдгээр хачгууд нь ихэвчлэн 5 дугаар сарын эхээс эхлэн идэвхжиж, ой модтой газруудад аялж зугаалах, мал хариулах, мод бэлтгэх, ургамал түүх үед хүнийг хазаж халдварлуулна. Мөн энэ халдварын байгалийн голомттой газарт оршин суугчид өвчлөх нь элбэг байдаг. Энэ хачиг нь ойн хулгана, үхэр, хонь, ямаа, чоно, үнэг, буга, бор гөрөөс, зурам зэрэг 250 гаруй зүйлийн том, жижиг хөхтөн амьтад, 100 гаруй төрлийн шувуунд шимэгчлэн амьдарч байдаг.
Хачигт энцефалитын вирусээр халдварлагдсан хачигт хазуулсанаас хойш 7-14 хоногт өндөр халуурч чичрэх, толгой хүчтэй өвдөх, огиулах, бөөлжих, нуруу, хүзүүний булчин хүчтэй өвдөх, эрвэгнэх, чичрэх, татах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Зарим үед ухаан алдах, татах, хөөрлийн байдалд орох зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Хачигт энцефалитын вирусээр халдварлагдсан хачигт хазуулах, халдвар авсан хонь, ямаа, үхрийн түүхий сүү уух үед хүн халдварлах бөгөөд хүнээс хүнд халдвар дамжихгүй. Хивэгчид, шувуу, жижиг мэрэгчид, махчин амьтад, адуу, нохой энэ халдвараар өвчилдөг.

-Төрөл тус бүрт сэргийлэх зөвлөмж өөр байх уу?

-Бараг адилхан. Хачигт халдвараас сэргийлэхийн тулд

Онцын шаардлагагүй бол хачгийн идэвхижлийн үед хөдөө, орон нутаг, ойд зорчихгүй байх, хачгаас сэрэмжлүүлсэн санамж, самбар, пайз, тэмдэг тавих.

Хачгийн идэвхжлийн үед өдөр бүр биедээ ялангуяа толгойн үсэнд хачиг орсон эсэхийг шалгах.

Хөдөө явахдаа хачгийг илрүүлэхийн тулд тод өнгийн хувцас өмсч, хачиг илэрсэн тохиолдолд авч хаях.

Хөдөө явахдаа урт ханцуйтай хувцас, урт түрийтэй гутал, зузаан өмд өмсч, хачиг нэвтрүүлэхгүйн тулд өмдний шуумгийг гутлын түрүүний дотуур хийх.

Хачиг үргээгч бодисыг хувцасны ханцуй, өмд уруу цацах шаардлагатай.

Хэрвээ эмнэлэгт хандах боломжгүй газарт хачигт хазуулсан бол хазсан хачиган дээр 76 хувийн спиртээр 2-3 удаа арчилт хийж, 1-2 минут хүлээгээд хавчаараар хушууны хэсгээс чимхэж, 45 градусын налуу өнцгөөр зөөлөн ганхуулан татаж авна. Хачиг хазсан хэсэгт хөвөнд шингээсэн 1 хувийн повидон иодын уусмал (тамедины уусмал) эсвэл 76 хувийн спиртийн уусмалаар цэвэр боолт хийнэ.

Урьдчилан сэргийлэх зорилгоор эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг тул эмнэлэгт яаралтай хандах шаардлагатай. Мөн нутагшмал тархалттай газруудад ажиллаж, амьдарч байгаа иргэд хачигт энцефалит өвчнөөс сэргийлэх вакцин тариулах, ямаа, үхрийн түүхий сүү уухгүй байх, эдгээр амьтдын махыг сайтар болгож хэрэглэх, гөрөөс, ямааны цус уухгүй байхыг зөвлөе.

-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ