Нийтийн тээврийн төлбөрийн системийг боловсронгуй болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-05-18 13:59:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Сөүл хотод томилолтоор ажиллаж буй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Ти-Мони” ХК-ийн ерөнхий захирал Ким Тэ Кыгтэй уулзлаа.


Талууд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд нийтийн тээврийн төлбөрийн системийг сайжруулах талаар санал солилцов. БНСУ-ын Сөүл зэрэг томоохон хотуудын нийтийн тээвэрт төлбөрийн картын үйлчилгээ үзүүлдэг тус компани нь энэ чиглэлээр Улаанбаатартай хамтран ажиллаж байгаа юм.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахаар нийтийн тээврийн паркийг шинэчилж байна. Мөн нийслэлд такси үйлчилгээг нэмж, стандартад нийцүүлнэ. Эхний ээлжид олон улсын жишигт нийцсэн үйлчилгээтэй 2000 таксиг үйлчилгээнд гаргахаар төлөвлөсөн. Үүнтэй, мөн хотод өрнөж буй бусад бүтээн байгуулалттай холбоотой нийтийн тээврийн төлбөрийн системийг илүү боловсронгуй болгоход шинэ шийдэл нэвтрүүлэх шаардлага үүсээд байгаа. Тиймээс төлбөрийн картын системийг шинэчлэх, дэд бүтцийг шийдэхэд хамтран ажиллах боломжтойгэлээ.


“Ти-Мони” ХК-ийн ерөнхий захирал Ким Тэ Кыг, Манай байгууллага Улаанбаатарын нийтийн тээврийн төлбөрийн “U Money” үйлчилгээтэй хамтран ажилладаг. Эхэн үед тулгарч байсан стандарт, дэд бүтцийн асуудлуудыг амжилттай шийдээд, нийтийн тээврийн ухаалаг картын үйлчилгээг үзүүлж байна. Цаашид Сөүл, Улаанбаатар болон байгууллага хоорондын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана" гэжээ.



Улаанбаатарт нийтийн тээврийн төлбөрийн систем нэвтрүүлсэн долоон жилийн хугацаанд гурван сая гаруй карт зарлаа. Нийслэлд өдөр бүр 1.4 сая гаруй төлбөр тооцоог энэ картаар хийж байна. Цаашид Улаанбаатар хотод нэвтрүүлэх их багтаамжийн тээврийн хэрэгслүүд, такси үйлчилгээнд зориулан “U Money” картыг олон үйлдэлтэй болгох талаар уулзалтын үеэр хэлэлцлээ. Ингэснээр нийтийн тээврээр зорчихоос гадна авто зогсоолын төлбөр төлөх зэрэг боломж бүрдэх аж. Энэ чиглэлд хамтран ажиллах, технологи, шийдэл нэвтрүүлэхэд нийслэлийн Нийтийн тээврийн газар БНСУ-ын “Ти-Мони” компанитай хамтран ажиллахаар санамж бичиг байгуулсныг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв. 

Холбоотой мэдээ