ХОВД: Түүхэн дурсгалт газраа хайрлан хамгаалахыг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-05-18 10:58:51

Жаргалант /МОНЦАМЭ/.  Олон улсын Музейн өдрийг жил бүрийн 5 дугаар сарын 18-ны өдөр тэмдэглэдэг. Энэхүү өдрийг тохиолдуулан Ховд аймгийн Соёл урлагийн газраас Музейн ажилтнуудын дунд “Миний Музейд-Миний оролцоо” сэдэвт үйл ажиллагаа зохион байгууллаа.

Энэ үеэр музейн ажилтнууд байгууллагынхаа хөгжлийн төлөө хийх шинэлэг ажлын санал танилцуулжээ.

Тухайн байгууллагын ажилтнуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх, шинэ санал санаачилгыг дэмжих, хамтран хэрэгжүүлэх зорилготой энэхүү үйл ажиллагааны үр дүнд музейн сахиул Х.Батдоржийн "Дээврийн хаягдал төмөр ашиглаж ангилсан хогийн сав хийх" санал, Музейн Эрдэм шинжилгээний ажилтан Х.Бямбасүрэнгийн "Музейн үзүүллэгийн цонхнуудыг хаягжуулах, шагайн тасалбар гаргах" санаа шилдгээр шалгарлаа. 

Эдгээр шинэ саналыг ажил хэрэг болгож, бүтээлчээр хэрэгжүүлэх чиглэл өгсөн байна.


Түүнчлэн олон улсын музейн өдрийг тохиолдуулан “Түүхэн дурсгалт газраа хайрлан хамгаалъя” танин мэдэхүйн аялал зохион байгуулжээ.

Уг аялалд Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын эко сургууль болох 7 дугаар сургуулийн 9 дүгээр ангийн 45 сурагч оролцлоо. 

Сурагчид Сангийн хэрэм, Баатархайрхан уулын түүх, соёлын дурсгалт газартай танилцахын зэрэгцээ мэдээллийн самбар байршууллаа. Мөн уг дурсгалт газрын ойролцоо үүссэн хог хаягдлыг цэвэрлэв. Үүний зэрэгцээ аяллын явцад түүхэн дурсгалт газрыг хайрлан хамгаалах уриалгад сурагчид нэгдэж, өөрсдийн үзэл бодлоо зургаар илэрхийлсэн байна.

Сонирхуулахад, Ховд аймгийн музейд 3000 гаруй үзмэр хадгалж байна. 

                    

Холбоотой мэдээ