Сиднейд болох “Quad”-ын удирдагчдын уулзалтыг цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-05-17 15:40:06

КАНБЕРРА./АВС/. АНУ, Япон, Энэтхэг, Австрали буюу “Аюулгүй байдлын дөрвөн талт яриа хэлэлцээ”-ний /"Quad"/ гишүүн орнуудын удирдагчдын уулзалтыг цуцалсныг Австралийн Ерөнхий сайд Энтони Албанезе өнөөдөр мэдэгджээ. 


Тавдугаар сарын 23-24-нд Сидней хотноо болох ёстой байсан "Quad"-ын удирдагчдын ээлжит дээд хэмжээний уулзалтыг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Австралид хийх айлчлалаа хойшлуулсантай холбогдуулан цуцалсан байна.


Ерөнхийлөгч Ж.Байден улсынхаа дотоодын улс төрийн асуудалд анхаарлаа хандуулах шаардлагатай болж, энэ сарын эцсээс өмнө дефолтоос зайлсхийх асуудлыг Бүгд найрамдах намынхантай хэлэлцэж байгаа юм.  


“АНУ-ын өрийн асуудлыг зургаадугаар сарын 1 гэхэд шийдвэрлэхгүй бол тус улсын эдийн засагт ноцтой үр дагавар учирч, улмаар дэлхий нийтийн эдийн засагт нөлөөлнө. Иймээс түүний айлчлалаа хойшлуулах шийдвэрийг ойлгож  байна” гэж Э.Албанезе хэлжээ.


“Дөрвөн улсын удирдагчид буюу Ерөнхийлөгч Ж.Байден, Ерөнхий сайд К.Фүмио, Ерөнхий сайд Н.Моди болон миний бие “Долоогийн бүлэг"-ийн уулзалтын үеэр ирэх бямба, ням гаргуудад Хирошимад байх тул энэ хугацаанд бид амжиж уулзахаар төлөвлөж байна. Үүнээс гадна, Ерөнхийлөгч Ж.Байдентай хоёр талын уулзалт хийнэ” гэж Э.Албанезе мэдэгдсэн.


Энэтхэг, Австрали улс нь  “Долоогийн бүлэг"-ийн гишүүн орон биш хэдий ч Хирошимад болох уулзалтад уригджээ. 

Холбоотой мэдээ