ХӨВСГӨЛ: Хоймор нутгийн “Хөдөлмөрч гэр бүл”
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас Б.Наранбатын гэр бүлийг “Хөдөлмөрч гэр бүл”-ээр шалгарууллаа.
Б.Наранбат нь эхнэр Х.Хишигжаргал, хүү Н.Тэнгис, охин Н.Сийлэгмаа нарын хамт амьдардаг бөгөөд хашаандаа жишиг орчныг бүрдүүлсэн шилдэг гэр бүл юм. Тухайлбал "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд хашаандаа хайлаас мод 350 ширхэг, бөөрөлзгөнө 6 ширхэг, үхрийн нүд 7 ширхэг, монос 2 ширхэг, буйлс 3 ширхгийг тарьж, ургуулан арчилгааг тогтмол хийж байна.
Мөн хашаандаа хүүхдийн тоглоомын талбай, элстэй хайрцаг, сүүдрэвч, хүүхдийн савлуур, миний хүлэмж барьж өрхийн хэрэгцээндээ өргөст хэмх болон улаан лооль тарьж хэрэглэдэг байна.
Эхнэр Х.Хишигжаргал нь ажлын чөлөө заваараа эсгий тавчиг, шагайн суурь, уут, цүнх, дээл зэргийг хийж өрхийн орлогоо нэмэгдүүлдэг бол нөхөр Б.Наранбат нь модны урыг ухаж уран аяга хийн зах зээлд борлуулдаг ажээ.