Бразилийн шинэ Ерөнхийлөгчийг эсэргүүцэн орилолдов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-09-08 16:17:36

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /AP/. Паралимпын нээлтийн ёслолын үйл ажиллагааны үеэр цугласан олон Бразилийн түр Ерөнхийлөгч Мишель Темерийг эсэргүүцэн орилолджээ.

Учир нь түүний хэвлэлийн албанаас түүнийг Паралимпын хаалтын ёслолд оролцохгүй хэмээн пүрэв гарагт мэдэгдсэн юм. Гэтэл тэрбээр өнгөрсөн долоо хоногт "Паралимпын хаалтын ёслолд оролцоно" гэж байсан билээ.

Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчийн ярьснаар, тус улсын удирдагч хаалтын ёслолд оролцох албагүй аж. Харин Японы Ерөнхий сайд Шинзо Абэ 2020 оны Зуны Олимпын наадмыг зохион байгуулах Токио хотыг төлөөлөн хаалтын ёслолд оролцоно гэж мэдэгдсэний дараагаар Темер хаалтын ёслолд оролцохгүй гэсэн нь дипломат ёс жаягийг үл ойшоосон хэрэг гэж Бразилын хэвлэлүүдэд бичиж байна.

Ерөнхийлөгч Дильма Руссефф өнгөрсөн 5 дугаар сард албан тушаалаасаа огцорсон билээ. Энэ үеэс хойш Темер түр Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг хүлээж авсан бөгөөд нэр хүнд нь нэлээд унаад байгаа аж.

Дашрамд дурдахад, Паралимпын хаалтын ёслол 8 дугаар сарын 21-нд болно. Энэ нь Бразилийн Сенатаас товлосон Ерөнхийлөгч асан Д.Руссеффт ял тулгах эсэх талаар санал хураах өдрөөс хэдхэн өдрийн өмнө болно гэсэн үг. Д.Руссефф-ийг буруутгаж буй шалтгаанууд нь гэвэл, Хөдөлмөрчдийн намын дотор газар авсан авлигын асуудал, мөн тус улсыг эдийн засгийн гүн хямралд оруулсан гэж үзэж буй явдал юм. Гэвч бразилчууд түүнийг огцруулах гэж яарахгүй байлаа.

Харин Олимпын эхний өдрөөс эхлэн бразилчууд “Темер, зайл” гэсэн лоозон барьж тоглолт болох танхимд орж ирсээр байв. 

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ