Шведийн дуучин "Eurovision"-д хоёр дахь удаагаа түрүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2023-05-14 10:14:43

ЛОНДОН. /BBC/. “Eurovision” тэмцээний тэргүүн байрыг Шведийн дуучин Лорин “Tattoo” дуугаараа эзэлжээ. Тэрбээр 2012 онд тус тэмцээнд түрүүлж байсан юм. 


Лорин нь инди поп, инди рок, транс, трип хоп урсгалаар дуулдаг. Өдгөө 39 настай дуучин бүсгүй Стокхольм хотод Мароккогоос цагаачилж ирсэн лалын шашинт гэр бүлд төржээ. 2004 онд тэрбээр “Idol” шоунд оролцож, дөрөвдүгээр байрт орсон байна. 2012 онд “Euphoria” дуу нь түүнд "Eurovision"-ы анхны ялалтыг авчирчээ. Нийтдээ Шведийн дуучид энэхүү тэмцээнд долоон удаа түрүүлсэн нь сүүлийн 27 жилийн хугацаанд түрүүлээгүй байгаа ирландчуудын тоотой ижил үзүүлэлт юм.


Шүүгчид, үзэгчдийн санал хураалтын дүнгээр Лорин Европын дууны 67 дахь удаагийн уралдааны бямба гаргийн төгсгөлийн шатанд 583 оноо авчээ. 


Түрүүлэх магадлалтай оролцогчдын нэгд тооцогдож байсан Финландын реп дуучин Kaarija (Каяриа, жинхэнэ нэр нь Йэре Пеухенен) 526 оноогоор хоёрдугаар байрт орсон байна. Лорин хөгжмийн салбарын мэргэжилтнүүдээс илүү санал авсан бол Скандинавын өрсөлдөгч нь үзэгчдээс илүү санал авчээ.


Гуравдугаар байрт Израилын оролцогч Ноа Кирель /362 оноогоор/, дөрөвдүгээр байрыг Италийн Марко Меньони /350 оноо/, тавдугаар байрыг Норвегийн дуучин Александра /268 оноо/ тус тус эзэлсэн байна. 


Энэ жил уг тэмцээнийг Их Британи улс Украины нэрийн өмнөөс зохион байгуулсан бөгөөд төсгөлийн шат Ливерпүүл хотод болжээ. Өнгөрсөн оны "Eurovision" дууны уралдаанд Украины "Kalush Orchestra" хамтлаг түрүүлсэн боловч Оростой хийж буй дайны улмаас Киев эсвэл тус улсын өөр хотод уралдаан зохион байгуулах боломжгүй болсон юм.


Холбоотой мэдээ