ДОРНОД: Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-05-11 14:19:19

Чойбалсан /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд гал түймрээс урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ. 

Аймгийн УЦУОШТ-ийн хуурайшилтын зэрэглэлээр тооцоолсон түймрийн эрсдэлийн үнэлгээгээр бүх сумын газар нутаг нэн аюултай түвшинд хүрсэн байна. Тиймээс Онцгой комиссын 13 дугаар хуралдаанаар хэд хэдэн шийдвэрийг гаргажээ. Тухайлбал, Газрын тосны 19, 21 дүгээр талбайд гамшгаас урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангах чиглэлээр байгаль хамгаалагчийг ээлжээр ажиллуулах, цаашид бусад аж ахуйн нэгж, байгууллагуудад байгаль хамгаалагч ажиллуулах төсөв, тооцоо, судалгааг гаргах, байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллагуудыг хуурайшилт ихтэй үед буюу хавар, намрын улиралд байнгын томилгоожуулж ажиллуулахыг үүрэг болгосон байна. Түүнчлэн бүтээгдэхүүн хуваах гэрээт 19, 21 дүгээр талбай, Улааны орд, Алтан Цагаан-Овоо, Хашаатын цав ордуудыг түшиглэн, хуурайшилт ихтэй үе буюу хавар, намрын улиралд гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх мэргэжлийн бүлгүүд ажиллуулахаар шийдвэрлэжээ.

 

Холбоотой мэдээ