БАЯН-ӨЛГИЙ: Б.Нургулан: Маргаашаас 40 кг тэжээлийг сумдад 35 мянган төгрөгөөр нийлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-05-11 13:04:35

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт хаваржилтын нөхцөл байдал ямар байгаа талаар тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургуланаас тодрууллаа. 


- Баян-Өлгий аймагт сүүлийн хэд хоног дараалан цас орлоо. Хаваржилтын нөхцөл байдал ямар байна?

- Хаваржилт нэлээн хүндэрсэн байгаа. Уулархаг нутгуудаар орсон цасны хэмжээ зузаан байна. Хамгийн их цас орсон Алтай суманд цасны дундаж зузаан 28 см, хунгарласан газруудад 1 метр хүрсэн. Өндөр уулын бүсийн сумдад мал бэлчээрт гараагүй 3 хоносон, өвс тэжээлийн хомсдолд орж тухайн өдрүүдэд нөхцөл байдал хүндэрсэн. Харин өчигдрөөс цаг агаар дулаарсан ч бэлчээр гараагүй, өвс цухуйгаагүй байдалтай байна. Аймгийн хэмжээнд өвс, тэжээлийн нөөц дууссан тул нөхцөл байдал сайнгүй л байна.

 

- Баян-Өлгий аймагт сүүлийн 7 хоногуудад өвс, тэжээлийн үнэ өссөн. Уг асуудалтай холбоотой орон нутгаас ямар ажил зохион байгуулж байна?

- Цаг агаарын хүндрэлээс шалтгаалж малчдын өвс, тэжээлийн эрэлт эрс нэмэгдсэн тул орон нутгийн зах зээл дээрх тухайн төрлийн бүтээгдэхүүний үнэ огцом өссөн. Жишээлбэл, нэг шуудай хивэг 70 мянга, боодол ногоон өвс 50-60 мянгад хүрсэн байгаа. Энэ юутай холбоотой вэ гэвэл тус аймагт өвөл нөхцөл байдал хүнд байсан тул сум, аймаг, улсын аюулгүйн нөөцөд байсан өвс тэжээлийг өнгөрсөн сарын 15-ны өдрийг хүртэл сумдад тарааж, хүргэсэн. Өнөөдрийн байдлаар аль ч нөөцөд өвс, тэжээл байхгүй. Нөгөө талаар ОХУ-аас нийлүүлэлт багассан, мөн тус улсын Ялалтын баяр, Эв санааны баяртай холбоотойгоор хэд хоног хил хаалттай байсан. Өчигдрөөс хил хэвийн ажиллаж эхэлсэн.


Бид тэжээл импортлогч аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсан. Тус гэрээний хүрээнд 40 кг хорголжин тэжээлийг 35 мянган төгрөгөөр сумдад ямар нэгэн дамжлагагүйгээр нийлүүлнэ. Энэ ажил маргаашаас эхлэх бөгөөд 2 хоногийн хугацаанд 220 тонн тэжээлийг сумдад хүргүүлнэ.

Сумдын Орон нутгийн хөгжлийн сангаас өвс худалдаж авах хөрөнгө батлагдсан байдаг. Тухайн хөрөнгийн асуудлыг аймгийн Онцгой комиссын хуралд оруулж, зориулалтыг нь тэжээл худалдан авах болгон өөрчлөх шийдвэр гарсан. Мөн аймгийн нөөцөд байгаа өвс, тэжээлийг худалдан борлуулснаас олсон орлого болох 122 сая төгрөг байгаа. Эдгээрийг нийлүүлээд нийтдээ 310 сая төгрөгөөр тэжээл худалдан авч сумдад хүргүүлэхээр ажиллаж байна.

Үүнээс гадна "Дэлхийн зөн-Монгол" олон улсын байгууллагаас манай аймгийн Алтанцөгц, Цэнгэл, Буянт, Ногооннуур сумын 180 өрхөд тэжээл, бэлэн мөнгөний тусламж үзүүлж байна. Нэг өрхөд 5 шуудай тэжээл олгож байгаа.

 

- Малын хорогдол ямар түвшинд байна?

-Малын хорогдол нэмэгдэж байгаа. Сүүлийн 4 жилд хараагүй хорогдол гарсан. Аймгийн хэмжээнд том малын зүй бус хорогдол 42 мянгад хүрсэн бөгөөд энэ нь оны эхэнд тоолсон нийт малын 2 хувийг эзэлж байна. Алтай суманд хамгийн олон буюу 15 мянга орчим толгой мал хорогдсон. Ер нь аливаа сумын нийт малын 5 хувь нь хорогдсон тохиолдолд зудын байдалд орсон гэж үзэж, малаа даатгуулсан тохиолдолд нөхөн төлбөр авах эрх үүсдэг. Алтай сумын хувьд энэ хэмжээнд хүрсэн гэсэн үг. Үүний дараа Дэлүүн 7 мянга, Булган суманд 3,7 мянган мал хорогдсон мэдээтэй байна.


Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд мал төллөлт 61 хувьтай, 463 мянган толгой мал төллөсөн. Гарсан төлийн 45,8 мянга нь буюу 10 хувь нь хорогдоод байна. Төлийн хорогдол гарахад өвөлжилт маш хүнд, мал тарга тэвээргээ алдсан нь нөлөөлсөн гэж үзэж байна.

   

Холбоотой мэдээ