ГОВЬ-АЛТАЙ: “Хуурын эгшиг-2023” яруу найргийн наадам 32 дахь жилдээ болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-05-05 15:39:33

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Нэрт соён гэгээрүүлэгч, орчуулагч, зохиолч, яруу найрагч Мишигийн Цэдэндоржийн нэрэмжит “Хуурын эгшиг-2023” 32 дахь удаагийн яруу найргийн наадам зургаадугаар сарын 9-нд Алтай хотод болно.

Энэхүү наадмыг тус аймгийн ЗДТГ, Соёл урлагийн газар хамтран Алтайнхны бахархал, үнэт зүйлийг сэргээж, эх хэл, түүх, өв соёлоо дээдлэн, эх оронч үзэл, эв нэгдлийг эрхэмлэн, нийгмийг соён гэгээрүүлэх зорилгоор зохион байгуулах юм. 

Яруу найргийн наадамд оролцогчид Алтай нутгийн бахархал, үнэт зүйл, байгаль, уул ус, баатарлаг бахдам түүх, бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт, зон олны өв соёл, уламжлал, эв нэгдлийг магтан дуулсан сэдэвтэй 1, хайрын сэдэвтэй 1, эх орны сэдэвтэй 1, нийт 3 шүлэг зохиож, Arial фонтоор, үсгийн өндөр 12, мөр хоорондын зай 1-1.5-аар бичиж өөрийн мэдүүлгийн хамт аймгийн Засаг даргын Тамгын газарт цахим болон цаасан хэлбэрээр 2023 оны 6 дугаар сарын 4-ний дотор ирүүлэх шаардлагатайг холбогдох албанаас танилцууллаа. Мөн оролцогч үе шат бүрт 2023 онд бичсэн өөр яруу найргийн наадамд уншигдаагүй, ном хэвлэл болон олон нийтийн сүлжээнд нийтлэгдээгүй бүтээлээр оролцохоороо онцлогтой юм.

Наадам дөрвөн үе шаттай явагдах ба эцсийн шатанд шалгарсан таван яруу найрагч Алтай нутаг, Алтайнхныг магтан дуулж алдаршуулсан шүлгээр өрсөлдөж, 1 найрагчийг шалгаруулж “Хантайшир-100” цомын эзэн найрагчаар тодруулах аж. "Шилдгийн шилдэг” нэг найрагчийг “Хантайшир-100” цом, гурван сая төгрөгөөр, үлдсэн дөрвөн “Шилдэг найрагч”-ийг өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшуулна хэмээн Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ