Туркт Европын хамгийн том нарны цахилгаан станц ашиглалтад орно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2023-05-03 12:42:09

КОНЬЯ. /Anadolu/. Их Британийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр баригдсан Европын хамгийн том нарны цахилгаан станц Туркийн Конья мужид энэ сарын 5-нд ашиглалтад орох гэж байна.


“Карапынар” хэмээн нэрлэсэн уг станц нь 1350 МВт-ын хүчин чадалтай бөгөөд “Kalyon Energy” компанийн эзэмшлийнх ажээ. Компанийн хэвлэлийн албаны мэдээлснээр, станц нь “Kalyon Fotovoltaik” компанийн үйлдвэрлэсэн 3 256 038 нарны хавтангаас бүрдсэн бөгөөд 20 сая хавтгай дөрвөлжин метр талбайг хамарч байна. 


Нарны цахилгаан станцын угсралтын ажил 2020 оны нэгдүгээр сард эхэлжээ. Энэхүү станц ашиглалтад орсноор Туркийн нарны эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг 20 хувиар нэмэгдүүлнэ.


Уг төсөлд Их Британийн Засгийн газраас санхүүгийн дэмжлэг үзүүлсэн бөгөөд төслийн нийт өртөг нэг тэрбум ам.доллароор хэмжигдэж байна. Үүний ихэнх хэсгийг Британийн экспортын зээлийн “UKEF” агентлагаар дамжуулан олгожээ.


Шинэ нарны цахилгаан станц нь жилд 3 тэрбум кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх бөгөөд энэ нь Туркийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 1 хувьтай тэнцэж байна. “Карапынар” нь 2 сая орчим хүний цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангах юм. Түүнчлэн байгаль орчинд 2 сая тонн хортой бодис ялгарахаас сэргийлнэ.


Холбоотой мэдээ