ХОВД: Дуут сумынхан гэмт хэргээс сэргийлэх чиглэлээр энэ онд 20 ажил хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-05-03 11:14:13

Дуут /МОНЦАМЭ/. Ховд аймаг гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, мэргэжлийн байгууллагуудын ажлыг сурталчлах, иргэд олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлээр шат дараатай ажлуудыг зохион байгуулж байна. 

Энэ удаа тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, хууль хяналтын байгууллагын төлөөллүүд Дуут суманд ажиллаж, сумын салбар зөвлөлийн гишүүдийг чадавхжууллаа.

Үүнийг зэрэгцээ ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон иргэдэд зориулсан сургалт хийж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, иргэдийн аюулгүй байдлыг хангах, цахим орчны зохистой хэрэглээний талаар зөвлөмж мэдээлэл түгээлээ.
Дуут сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийг 2023 онд шинэчилж, 8 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

2022 онд Дуут сумынхан гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх чиглэлээр 20 гаруй ажил хэрэгжүүлж, хууль сахиулах чиглэлээр ажиллаж буй алба хаагчдыг дэмжин тоног төхөөрөмжөөр хангажээ. Тэгвэл энэ жилийн тухайд иргэд, хүүхэд багачуудыг соён гэгээрүүлэх ажлыг чухалчилна. Сурагчдын байгаль экологи болон өв соёлоо хамгаалах ойлголтыг нэмэгдүүлнэ.

5 бүлэгт 20 ажлыг Дуут сумын хэмжээнд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.   
Гэмт хэргээс сэргийлэх нь бүх нийтийн ажил бөгөөд иргэд олон нийтийн оролцоо хамгийн чухал байгааг мэргэжилтнүүд энэ үеэр онцоллоо. Түүнчлэн цахим залилан болон бусад гэмт хэргээс сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийг баримтлах, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээс татгалзах, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөв.

Холбоотой мэдээ