ДАРХАН-УУЛ: Хөдөлгөөнт тоглоомын үнийг шинэчлэн тогтоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-04-18 22:26:29

Дархан /МОНЦАМЭ/. Дархан Сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 14 дүгээр хуралдаан боллоо. Хуралдаанаар үндсэн таван асуудал хэлэлцжээ. Үүний нэг нь Дархан хотын соёл амралтын хүрээлэн ОНӨААТҮГ-ын хөдөлгөөнт тоглоом, сургалтын төв, тоглоомын төв, гэрэлтэй самбар, түрээсийн талбайн үнэ, тарифыг тогтоолоо.

“Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэн дэх хөдөлгөөнт тоглоомыг жил бүрийн зургаадугаар сарын нэгэн буюу олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр үйл ажиллагааг нь эхлүүлж хүүхэд, багачуудаа хүлээн авч тоглуулдаг. Нээлтийн өдрөө бүх хүүхдэд үнэ төлбөргүй үйлчилдэг бөгөөд тухайн байгууллагын харьяанд байдаг тоглоомуудад зуны турш ямар үнэ тарифаар тоглох эсэхийг өнөөдөр хэлэлцэж баталжээ.


Дархан сумын ИТХ-ын хурлын төлөөлөгчдөөс олон санал гарч байсан ч тоглоом тус бүрийн үнийг дараах байдлаар тогтоосон гэж Дархан сумын ИТХ-ын дарга Я.Бат-Очир мэдэгдлээ. Үүнд:

Морин тойруулга- 3000 /Эргэх хугацаа –3 минут/

Кофены аяга- 3000 /Эргэх хугацаа –3 минут/

Гинжит савлуур-4000 /Эргэх хугацаа –4 минут/

Далайн дээрэмчний онгоц-4000 /Эргэх хугацаа –4 минут/

Уран жолоодлогын машин-4000 /Тоглох хугацаа –5 минут/

Агаарын дугуй, алсыг харагч-4000 /Эргэх хугацаа –15 минут/ байхаар шийдвэрлэжээ. 

Мөн тухайн хөдөлгөөнд тоглоом болон цэцэрлэгт хүрээлэнгээр аялж, амарч буй иргэдэд нийтийн бие засах газраар үнэ төлбөргүй үйлчлүүлэх санал гарч дэмжигдсэн аж.

Мөн тус хуралдаанаар нэгдүгээрт “Хоршоо хөгжүүлэх сан”-гийн хурлын тов, зээлийн дээд үнийн дүнг тогтоох, сонгон шалгаруулах бүрэлдэхүүнийг баталжээ. Хоёрдугаарт золбин нохой, муур устгах ажлын хөлсийг 20.000 төгрөг байсныг 25.000 төгрөг болгосон бол гуравдугаарт мал амьтны шимэгчтэх /угаалга, туулга/ өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөг тогтоох, дөрөвдүгээрт малын тоо, толгойд тогтоох албан татварын асуудлыг шинэ хуульд нийцүүлж батлах болон дээрх хөдөлгөөнт тоглоомын үнэ тариф гэсэн асуудлыг хэлэлцэн баталжээ.

Холбоотой мэдээ