ӨВӨРХАНГАЙ: Үндэсний бичгийг урлагийн бүтээл болгон олон улсад түгээж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-04-14 18:15:29

Хархорин /МОНЦАМЭ/. Хэдхэн хоногийн өмнө CNN агентлаг “Монголд яагаад зочлох ёстой вэ?” хэмээх нийтлэлдээ Хархорин сум дахь “Эрдэнэсийн хүрээ” төвийг онцолсон байна.

Тухайлбал, “Монгол уран бичлэгийн талаар мастераас суралц!! Монголын хамгийн эртний соёл болох Монгол бичиг буюу дээрээс доош нь бичиж, зүүнээс баруун тийш уншдаг уламжлалт бичиг сүүлийн жилүүдэд сэргэж байна. Хархорум дахь “Эрдэнэсийн хүрээ” монгол бичгийн төвд зочилж, уран бичээч Тамир буюу Пүрэвийн Самандбадраагаас энэхүү соёлын өвийн талаар суралцаарай. Та тэнд байхдаа Тамирын бүтээлүүдийг үзэж сонирхоорой” хэмээжээ. Ингээд Хархорин сумыг зорьж, Монгол түмний үндэсний өв соёл, уламжлалт бичгийг урлагийн бүтээл болгон Олон улсад түгээн дэлгэрүүлж буй “Эрдэнэсийн хүрээ – Монгол бичгийн урлагийн төв” - тэй танилцлаа.



Калиграф урлаач П.Самандбадраа /урлагийн нэр нь Тамир/ нь ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Швейцарын хөгжлийн агентлаг, Франц Улсын АПАУ нийгэмлэг, Францын ЭСЯ болон Alliance Française буюу Монгол-Францын төвийн дэмжлэгээр 2018 онд тус төвийг байгуулжээ.

Монголын Эзэнт гүрний үеийн нийслэл Хархорум буюу одоогийн Хархорин суманд Эрдэнэ зуу хийдээс урагш 600 метр зайд байрлах “Эрдэнэсийн хүрээ” ТББ нь монгол үндэсний онцлогийг харуулсан цомцог, казах, орчин үеийн монгол гэр гэх мэт 4, 5, 6, 8, 12 хана бүхий нийт 12 гэрт уран зураг, уран бичлэгийн үзэсгэлэнг дэглэн үзүүлж байна. Тодруулбал; уран бичлэг, орчин үеийн уран зураг, арт-терапи хөтөлбөрөөр үзэсгэлэн, ганцаарчилсан болон групп сургалтын үйл ажиллагаа явуулдаг ажээ.

 

Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд урлаг, соёлын боловсрол олгох, ялангуяа бийрийн урлагаар буюу монгол уран бичлэгээр дамжуулан арт-терапи сургалт явуулах нь “Эрдэнэсийн хүрээ”-гийн бас нэгэн зорилго юм. Арт-терапи гэдэг нь өөрт тулгамдсан асуудал, сэтгэл хөдлөлөө үгээр биш уран бүтээлээр илэрхийлж, тэрхүү явцдаа шийдвэр, гарц гаргалгааг олж авах, улмаар сөрөг мэдрэмжээ өөртөө итгэх итгэлээр солих боломжийг олгодог урлагт суурилсан бие болоод сэтгэл заслын эмчилгээг хэлнэ.

 

Анх 2021 онд Хархорин сумын хөгжлийн бэрхшээлтэй иргэд, “Солонго” асрамжийн төвийн хүүхдүүдэд уран бичлэгийн арт-терапи сургалтыг хийж, оролцогчдын бүтээлээр Хархорин сум, Улаанбаатарт үзэсгэлэн гарган олон нийтэд толилуулсан байна. Уг сургалтыг жилд хоёр удаа зохион байгуулдаг аж.



Төвийн хамт олон үйл ажиллагаагаараа дамжуулан Монгол дахь гадаад, дотоодын аялал жуулчлалын тур опературуудын хөтөлбөрт нэгдэж, Олон улсын урлаг солилцооны “Art Residency” төвийг байгуулсан бөгөөд урландаа гадаад, дотоодын урчуудыг хүлээн авч, хамтарсан бүтээл хийх тэтгэлэгт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлээд байна. 

Энэ хүрээнд Чехийн уран бүтээлч, калиграфч Фукс Карахович, Францын модон барын урлаач Агнес Дубарттай хамтран үзэсгэлэн гаргаад байгаа юм. Мөн ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулей /Audrey Azoulay/, Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сэбастиан Сүрүн /Sebastien Surun/, Бельги улс дахь Монголын Өргөмжит Консул Паул Ван Воуве гэхчлэн нэр бүхий хүмүүс зочлон иржээ.



“Эрдэнэсийн хүрээ” ТББ-ыг үүсгэн байгуулагч П.Самандбадраа нь хүний дотоод сэтгэлийн торгон мэдрэмжийг бийр, бэх, цаас ашиглан илэрхийлдэг калиграфч, зураач хүн юм. Тэрбээр монгол уран бичлэгийн урлагийг шимтэн сонирхож, орчин үеийн уран бичлэгийн чиглэлээр үргэлжлүүлэн судалгаа хийж, шинэлэг санааг нэвтрүүлэн өөрийн орон зайг нэгэнт бий болгосон шилдэг уран бүтээлч бөгөөд Европын “Норт Арт”-д болон Францын хотуудад бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байв.


-   -Энэ төвөө байгуулах санааг анх яаж олсон бэ? Хархорин сумыг сонгож байгуулсан нь ямар нэг учиртай юу?

-    -Монгол бичгийг урлагийн бүтээл болгож Олон улсад сурталчлах, үндэсний өв соёлын гүн ухааныг олон нийтэд таниулах, уран бичлэгийн шинэ хэлбэр дүрсийг гаргаж ирэх, дэлхийн уран бүтээлчидтэй хамтарч ажиллах зорилгоор төвөө байгуулсан.

Улаанбаатар ч юмуу, жуулчид их очдог Цонжинболдог, Тэрэлж гэх мэт газруудад биш, Хархоринд байгуулсан нь Монголын их түүхтэй холбоотой юм. Эзэн Богд Чингис хааны зарлигаар Хархорум хотыг байгуулсан энэ түүхэн газарт өв соёлоо уламжлан түгээх язгуурын шалтгаантай гэж хэлж болно.



-     “Эрдэнэсийн хүрээ”-ээр ирсэн зочид юуг үзэж сонирхох вэ? Нийт 12 гэр байна. Тус бүрд өөр, өөр үйл ажиллагаа явуулах уу?

-    -Гадаад, дотоодын жуулчид Хархорум хотынхоо туурь, үнэт дурсгалуудыг үзэж сонирхон, Эрдэнэ зууд мөргөөд манай төвд ирж, үндэсний бичгийн уран хийцийг үзээд мэдлэг нэмээд гардаг байгаасай гэж хүсэж, бурхан шашны гүн ухааны сэдвээр, мөн Чингисийн алтан ургийн сургаалуудыг уран бичлэгийн бүтээл болгож дэлгэсэн.

Зөвхөн үзэж хараад гоозүйн таашаал аваад гарах биш, өөрөө бийр барьж оролдох хэрэгтэй. Хүмүүс эхний удаа уран бичлэгээр өөрийнхөө нэрийг бичиж сурдаг. Цаашлаад үг, өгүүлбэр бичиж, утгыг нь ойлгож, нэг юм сураад мэдээд гарна.

Бийрийн урлаг гэдэг чинь хүний амьсгал, бодол, хөдөлгөөн, зүрхний цохилт гэх дөрвөн зүйлийг нэг дор төвлөрүүлснээр бий болдог эрүүл мэндийн чанартай юм. Өөрийнхөө амьсгал, зүрхний цохилтыг сонсож, бодлоо ажиглаж сурна гэсэн үг. 


-     -Монгол уран бичлэгийн талаар онцолж хэлэхгүй юу?

-    -Монгол уран бичлэг нь монгол туургатны утга соёл, оюун сэтгэлгээний бахархал, үндэсний бэлгэ тэмдэг юм. Монгол уран бичлэгийн хамгийн эртний олдвор нь өдгөө ОХУ-ын Санкт-Петербург хотын Эрмитажид хадгалагдаж байгаа, 1220 онд босгосон “Чингисийн чулууны бичиг” гэж бий. Тэрхүү бичээст Хасарын хүү Есүнгэ мэргэний 335 алд газарт харван оносныг уран гоёмсог бичлэгээр алдаршуулан сийлсэн байдаг.

Мянга гаруй жилийн түүхэнд дүрэм, зарчим нь өөрчлөгдөөгүй монгол бичгийн уран бичлэгийг биет бус өв болон ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэж хамгаалсан. “Эрдэнэсийн хүрээ” төв нь энэхүү гайхалтай бичиг соёл, түүхийг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилготой ажиллаж байна. 


Холбоотой мэдээ