БНСУ-ын сэтгүүлчид Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийг сурвалжлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-04-11 15:29:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын сэтгүүлч, зураглаачид Монгол орны уур амьсгалын өөрчлөлт, хариу арга хэмжээний тухай сурвалжлага бэлтгэлээ.


Тодруулбал, БНСУ-ын JTBS-ийн сэтгүүлч Пак Мингү, Чун Кунгү, Байгаль орчин, хөдөө аж ахуйн “Нунмин” сонины Со Жимин, Ким Дажун нар Монгол Улсад ажиллах үеэрээ БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэтэй уулзан, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний явц, Монгол орны цөлжилтийн өнөөгийн байдал, түүний эсрэг хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар ярилцлага авсан байна.


Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд Монгол-Солонгос Улсын “Хэвлэлийн форум БНСУ-д энэ оны 5 дугаар сарын 14-19-ний хооронд “Дэлхийн дулаарал ба уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн дор болох юм. Хоёр орны сэтгүүлчид байгаль хамгаалах чиглэлээр дуу хоолойгоо өргөж, харилцан мэдээлэл солилцох олон нийтэд өөрсдийн сувгаар дамжуулан мэдээ, сурвалжлага хүргэхийг зорьж байна. БНСУ-д болох форумд Монголын 25 сэтгүүлч оролцоно.


Монгол-Солонгосын хэвлэлийн эхний форум 2022 онд Улаанбаатар хотод болсон юм. 

Холбоотой мэдээ