“Эрдэнэс Монгол” нэгдлийн 8 компанийн ТУЗ-ийг татан буулгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-04-05 16:26:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрдэнэс Монгол” компани төрийн өмчит уул уурхайн компаниудыг нэгтгэсэн нэгдэл болж, дотроо Зэс-металлын болон Нүүрс-эрчим хүчний гэсэн хоёр групп үүсгэсэн зохион байгуулалтаар ажиллаж байна. Энэ талаар Засгийн газрын 2022 оны 225 дугаар тогтоол гарсныг тус компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт өнөөдөр сэтгүүлчидтэй уулзах үеэр мэдээллээ. Ингэснээр тус компанийн нэгдлийн бүрэлдэхүүнд “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ТӨҮГ-ууд, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, мөн “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, түүнчлэн “Эрдэнэс Баянбогд” компани шинээр нэгдэн ороод байна.


Нэгдэл үүссэнээр Засгийн газраас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрэмд хоёр ч удаагийн нэмэлт өөрчлөлтийг үйл ажиллагаа, засаглалыг сайжруулах үүднээс хийгээд байна. Дүрмийн өөрчлөлтийн хүрээнд үр ашиггүй охин болон хараат компаниудыг, мөн зарим шаардлагагүй ТУЗ-ийг татан буулгахаар болжээ. Тодруулбал, энд, нэгдлийн хэмжээнд үр ашиггүй, үйл ажиллагаа нь зогссон 6 компани, төслийн 1 нэгжийг болон 8 компанийн ТУЗ-ийг татан буулгах боломжтойг тэрбээр мэдээллээ.



Асгатын ордод нэмэлт хайгуул хийж, нөөцийг шинэчлэн тогтооно.



Компанийн нэгдлийн хэмжээнд орлого үр ашиггүй, чиг үүрэг нь давхардсан төсөл, компаниудыг татан буулгах үйл явц өрнөж байна. Нийт 59 төсөл байгаагаас тэдгээрийг дахин үнэлэх аж. Тухайлбал, хүрэн нүүрс түшиглэн цахилгаан эрчим хүч экспортлох “Шивээ Энержи” төслийг татан буулгахаар болжээ. Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний уурхайг түшиглэх уг төсөлд 13 тэрбум ам.доллар шаардлагатай гэж байсан юм. Энд юуны түрүү “Шивээ-Овоо энержи” компани орж байна.




Учир нь гадаад хүчин зүйлээс хамаарч, 5280 МВт Дулааны цахилгааны станцыг бүтээн байгуулах зорилготой “Шивээ-Овоо энержи” цогцолбор төсөл зогссон. Төслийн нэгжийн үндсэн зорилго биелэх боломжгүй болсон ч үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөн үргэлжлүүлсээр байсныг зогсоож, тус төслийн нэгжийг холбогдох хууль, журмын дагуу татан буулгаж байна.

Мөн “Эрдэнэс газ” төслийн нэгжийн удирдлагын зарим чиг үүрэг давхардсаныг төслийн нэгжийн бүтцийг шинэчилж, давхардлыг арилган, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулахаар ажиллаж байна гэв. 


“Эрдэнэс Монгол” ХХК төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 39 компанийг нэгтгээд байна.





“Эрдэнэс Монгол” нэгдэлд багтаж буй төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниуд тус бүр Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-тэй. Эдгээрийг хална. Тодруулбал, “Эрдэнэс Монгол” нэгдлийн 8 компанийн ТУЗ-ийг татан буулгаж, ттолгой компанийн, мөн зэс, нүүрсний групп тус бүрдээ нэг нэг, ингэснээр нэгдлийн хэмжээнд үндсэн гурван ТУЗ-тэй байх аж. Ингэснээр өмнөх ТУЗ-үүдийн нийт 270 гишүүний тоог цөөлж, 27 болгохоор ТУЗ-ийн гишүүдийн нээлттэй сонгон шалгаруулалтыг энэ өдрүүдэд зарлаад байна.




Компанийн шинэ дүрмээр зарчмын тодорхой өөрчлөлт орсон нь компанийн ТУЗ-ийн 51 хувийг төрийн төлөөлөл, 49 хувь нь хараат бус гишүүн байхаар тогтжээ. Ингэснээр улс төрөөс хамааралтай шийдвэр гаргадаг байдал өөрчлөгдөж, бизнесийн ил тод, зөв зарчим үйлчилнэ хэмээн үзэж байна.

“Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд нийт 84 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байгаагаас 63 нь ашиглалтынх, үлдсэн нь хайгуулын лиценз байна. Цаашид компанийн зүгээс хайгуулд хөрөнгө зарах, шинэ орд илрүүлэх, баялгийн нөөцөө нэмэгдүүлж, геологи, хайгуулын судалгааны ажлыг эрчимжүүлж олборлолт, үйлдвэрлэл рүү чиглэсэн байх талаар үйл ажиллагаагаа танилцууллаа.


Холбоотой мэдээ