ДОРНОД: Ангиографийн тусламж үйлчилгээг нутагшуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-04-05 11:51:07

Чойбалсан /МОНЦАМЭ/. Өнгөрсөн онд Дорнод аймгийн БОЭТ-д Эрүүл мэндийн яамнаас 1.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий ангиографийн оношилгооны тоног төхөөрөмжийг суурилуулсан. Ийнхүү иргэд ТАСЕ эмчилгээ, тархины судасны оношилгоо, диалезийн туннель зэрэг судсан дотуур хийх өндөр өртөгтэй яаралтай үеийн тусламж үйлчилгээг дэргэдээсээ авч байна.

БОЭТ-ийн ангиографийн эмч О.Чулуунцэцэг Улсын гуравдугаар төв эмнэлэг болон Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт, ангиографийн техникч Б.Урантунгалаг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт суралцан мэргэжил дээшлүүлснээр 50 гаруй удаагийн оношилгоо эмчилгээг хийгээд байгаа юм.

Тодруулбал, 2022 онд судсан дотуурх эмчилгээний үндэсний баг, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эмч мэргэжилтнүүд, Дани улсын Аолбургийн их сургуулийн ангиографийн эмч нарын баг, ангиографийн сургагч багштай хамтран судсан дотуурх мэс заслыг амжилттай хийсэн байна. Түүнчлэн 35 иргэнд титэм судсан дотуурх оношилгоо, 10 иргэнд титэм судасны урсгал сэргээж стент тавих эмчилгээ, бөөрний судасны артери тодосгогчтой зураг, диалезийн зориулалтаар дээд хөндийн венд байнгын туннель тавих мэс засал, туннель гуурс авах ажилбар зэргийг амжилттай хийжээ. Судсан дотуурх мэс засал эмчилгээний дараа хүндрэл гараагүй эдгэрсэн байна. 

Холбоотой мэдээ