Барилгын салбарт жендэрийн тэгш байдлыг хангахад хамтран ажиллахаар болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-03-31 14:15:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Барилгын мэргэжлээр ажиллаж буй эмэгтэйчүүд манай улсын барилгын салбарын нийт ажиллагсдын 16.8 хувийг эзэлж байна. Ази тивд энэ хувь жин 14.6, дэлхийд 10 хувьтай байгааг  “Ур чадварыг хөгжүүлэх нь” глобал төслийн судалгаагаар гаргажээ. Энэ талаар Герман улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (GIZ)-ын менежер Б.Болор барилгын салбарт жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллах сургалт, хэлэлцүүлгийн үеэр танилцууллаа.


Тодруулбал, Монголын Мянганы сорилтын сан БХБЯ-тай хамтран барилгын салбарт жендэрийн тэгш байдлыг хангахад хамтран ажиллахаар боллоо. Энэ талын харилцан ойлголцлын санамж бичигт хоёр тал гарын үсэг зурсан юм.

Энэ талаар БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгээс тодруулбал, манай яам салбартаа хэрэгжүүлэх жендэрийн талаар баримтлах бодлогоо 2017 онд тодорхойлж, 2018 онд эхлүүлсэн. Энэ нь 2025 он хүртэл хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг юм.

 Барилгын салбарт ажиллаж буй эмэгтэйчүүд тухайн салбарын нийт ажилчдын 16.8 хувийг эзэлж байна.

Өнөөдрийн нөхцөлд жендэрийн тэгш байдлыг улсын хэмжээнд төрийн байгууллага болон төрийн өмчийн оролцоотой ААН-үүдийн түвшинд авч үзэхэд эрэгтэй, эмэгтэй ажилчдын хүйсийн харьцаа 50, 50 хувь байгаа. Харин салбарын хэмжээнд авч үзвэл 60-100 мянга гаруй ажилчин дунд хүйсийн харьцаа алдагдсан, тааруу дүнтэй байгаа. Энэ харьцааг 30 хувиар өсгөх бодлоготой ажиллаж байна.


Өнөөдөр бид Монголын Мянганы сорилтын сантай яг дээрх чиглэлээр хамтран ажиллахаар болж байна. Тодруулж хэлбэл, бид тус сангаар дамжуулан жендэрийн тэгш байдлыг хангах талын гадаад, дотоодын сайн туршлагыг судлан хуваалцах, энэ талын мэдээллийн сантай болох, цаашдын хөгжлийн чиг хандлага дээр сургалт, арга зүйн зөвлөгөө авах хэлбэрээр хамтран ажиллана. Эхний сургалт, хэлэлцүүлэг өнөөдөр эхэлж байна гэв.



Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагаанд, тэр дотроо тухайн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендэрийн баримт бичигт нийгэм жендэрийн хэрэгцээ шаардлагыг хэрхэн яаж тусгаж байгаа нь чухал байгааг өнөөдрийн хэлэлцүүлгээр онцолж байна.

Бид энэ талын туршлагыг судалж байж гэмээн манай салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрт, гадаадын болон дотоодын төсвийн хөрөнгө оруулалтаар тендер зарлахад, тендерийн баримт бичигт шаардлагад энэ асуудлыг яаж тусгах вэ гэдэг нь бидэнд томоохон мэдлэг, дэмжлэг болно гэдгийг барилгын салбарт ажиллаж буй оролцогч С.Тунгалаг хэллээ. 


Тодруулга: БХБЯ, Монголын Мянганы сорилтын сан нь Монгол Улсад анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд байгуулах АНУ-ын Мянганы Сорилтын корпорац, Монгол Улсын Засгийн газрын хооронд байгуулсан (Усны) хоёр дахь Компакт гэрээгээр хэрэгжүүлэх дэд бүтцийн төслүүд дээр 2025 он хүртэл жендэрийн тэгш байдлыг хангахад хамтран ажиллах юм. 





Холбоотой мэдээ