СҮХБААТАР: Х.Энхбаяр: Цөлжилтөөс сэргийлэх үр дүнтэй арга бол ердөө л мод тарих, малын тоо толгойг цөөлөх

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-03-31 13:03:44

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн УЦУОШТ-ийн дарга Х.Энхбаяраас газар нутгийн цөлжилтийн нөхцөл байдал, цаашид үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд хэрхэн үр дүнтэй ажиллах шаардлагатай талаар тодрууллаа. Тус аймгийн нийт газар нутгийн 10 орчим хувьд хүчтэй цөлжилт илэрсэн.


-Сүхбаатар аймгийн цөлжилтийн нөхцөл байдал хэр байгаа вэ?

-Монгол Улсын хэмжээнд хамгийн сүүлд 2010 онд цөлжилтийн атласыг боловсруулан гаргасан байдаг. Үүнээс хойш судалгаан дээр үндэслэн 2020 онд Монгол орны цөлжилтийн атласыг шинэчлэн боловсруулан гаргасан. Энэ атласт Сүхбаатар аймгийн нийт нутгийн 11,7 хувьд цөлжилт илрээгүй, 50,2 хувьд цөлжилт сул илэрсэн, 27.3 хувьд цөлжилт дунд зэрэг илэрсэн, 9.9 хувьд цөлжилт хүчтэй илэрсэн, 0.4 хувьд нэн хүчтэй илэрсэн гэх дүгнэлтийг гарсан. Газрын доройтол цөлжилтийн судалгааг боловсруулахад 30 төрлийн индикатор буюу үзүүлэлтийг тооцоолон боловсруулж, үүнээс 18 үзүүлэлтийг сонгон авч нэгтгэн боловсруулан ашигладаг. Үүнд халуун өдрийн тоо температур, чийгшил, хур тунадас, хөрс ус, салхиар элэгдсэн, эвдэрсэн байдал, ургамлын нөмрөгийн өөрчлөлт, хандлага бэлчээрийн ургац, даац, малын нягтрал гэх мэт үзүүлэлтүүд багтдаг.


-Цөлжилт үүсэж байгаа гол шалтгаан нөхцөл нь юу вэ, орон нутгийн газар нутгийн онцлог нөлөөлөх үү?

-Монгол Улс болон дэлхийн хэмжээнд газрын доройтол, цөлжилтөд нөлөөлдөг 2 эх үүсвэр байна. Нэгдүгээрт дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хоёрдугаарт хүний үйл ажиллагааны нөлөө. Уур амьсгалын өөрчлөлт гэж агаарын температур, чийгшил, хур тунадасны олон жилийн хандлага ордог бол хүний үйл ажиллагааны нөлөө гэж нийгэм, эдийн засгийн бүхий л үйл ажиллагаа багтдаг. Монгол орон өвөл, зуны температурын хэлбэлзэл ихтэй, эрс их газарлаг уур амьсгалтай нутаг бөгөөд цаг уурын өртөөдийн олон жилийн хэмжилтийн мэдээгээр нийтдээ цөлжилтөд өртөмтгий бүс нутаг байдаг. Нэн ялангуяа 47 дахь өргөргөөс урагшаа байдаг газар нутаг цөлжилтөд эмзэг, өртөмтгий байна. Үүнд Сүхбаатар аймгийн газар нутаг ордог.


-Цөлжилтөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь?

-Цөлжилт гэдэг бол хөрс, газрын эвдрэл, бүтцийн өөрчлөлт, ургамлын бүрхэвчийн доройтол юм. Тиймээс цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, цөлжилтөд өртсөн газар нутгийг хамгаалах, эдгээрийг сэргээх, хэвийн байдалд оруулахад эхний ээлжинд  мод тарих, бэлчээрийн ургамлын бүтцийг сэргээх, малын тоо толгойг цөөрүүлэх, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх нь чухал байна. Жишээлбэл 2008 онд Сүхбаатар аймагт 1.5 сая мал тоолуулсан бол 2022 онд 4.4 сая мал тоолуулж бараг 3 дахин нэмэгдсэн байна. Малын тоо өсөхийн хэрээр нэгж талбайд буюу нэг ам км-т ноогдох сүргийн нягтрал ихсэх нь бэлчээр доройтохын гол шалтгаан болдог. Сүүлийн үеийн эрдэмтдийн судалгаагаар нэгж талбайд ноогдох мал сүргийн нягтрал төв болон зүүн бүсэд ихээхэн нэмэгдсэн судалгаа хийсэн байна.


-Тэгвэл яг эдгээрийг орон нутагт хэрэгжүүлж чадаж байна уу?

-Малын тоо толгойг бууруулна гэж ярьдаг ч үүнийг яг бодит байдал дээр хэрэгжүүлэхэд хэцүү. Улс орны бодлогын түвшинд хэрэгжүүлж байж сая үр дүн гарна. Харин "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийн хүрээнд Сүхбаатар аймгийн хэмжээнд 2030 он гэхэд 10 сая мод тарих зорилт тавин ажиллаж байна. Энэ ажил цөлжилтийн сөрөг нөлөөг бууруулахад ихээхэн үүрэг гүйцэтгэнэ. Харин иргэд, зарим  аж ахуйн нэгж байгууллагууд идэвх санаачилга сул, ач холбогдлыг төдийлөн ойлгохгүй байгаа нь ажиглагдаж байгаа. Монгол орны уур амьсгалын өөрчлөлт нь цаашид ч гүнзгийрч мал аж ахуй бэлчээрийн ургац, даацад сөргөөр нөлөөлөхөөр байгаа. Иймээс эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, төр засгаас, эдийн засгийн дэмжлэг үзүүлэх боломжтой гэж харж байна. Энэ чиглэлд ч орон нутаг нэг үеэ бодвол анхаарал хандуулдаг болсон.


-Орон нутгийн хэмжээнд цөлжилтөөс сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, түүний үр дүн хэр байна вэ?

-Дээр хэлсэнчлэн мод тарих ажлыг аймгийн хэмжээнд эрчимжүүлээд байгаа. Ялангуяа цөлжилт хурдацтай явагдаж байгаа урд талын сумд үүх дээр бүр онцгой анхаарах шаардлагатай. Энэ нь одоо биш ч алс хэтдээ сайн үр дүн өгнө. Мэдээж холбогдох мэргэжлийн байгууллагууд судалгаа, дүгнэлтүүдээ хийж гаргаж байна. Ер нь цөлжилтөөс сэргийлнэ гэдэг бол хэдэн байгууллагын биш иргэн бүрийн оролцоо чухал. Хүн болгон дор бүрнээ идэвх санаачилгатай байх хэрэгтэй. Малчид гэхэд наад зах нь бэлчээр нутгийн сонголт, сэлгэлтээ зөв хийдэг, малынхаа тоонд бус чанарт анхаардаг, цаашлаад бүр нутаглаж буй газартаа л мод тариад байх боломжтой. Уг нь маш энгийн. Манай аймагт сүүлийн жилүүдэд тарьсан нийт модны ургалт 80 гаруй хувьтай гарсан байна лээ.


-Цаашид энэ чиглэлээр хэрхэн ажиллах шаардалагатай гэж харж байна?

-Аймгийн хэмжээнд цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, цөлжилтөд нэрвэгдсэн газар нутгийг сэргээхийн тулд дунд хугацааны 10-15 жилийн төрөл бүрийн салбар багтсан нэгдсэн төлөвлөгөө гаргах шаардлагатай байгаа. Энэ төлөвлөгөөнд бодитой үр дүнтэй ажлуудыг тусгах нь чухал байна. Төлөвлөгөө гаргахдаа олон нийтийн санал хүсэлт, нэн ялангуяа малчдын саналыг оруулах нь зүйтэй байна.

-Баярлалаа. 

 

Холбоотой мэдээ