СҮХБААТАР: Сурагчид 12 машин хог тушаан 500 орчим мянган төгрөгийн хуримтлал үүсгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт /МОНЦАМЭ/. Аймгийн төвийн дөрвөн сургууль болон МСҮТ, дотуур байрны сурагчид тус бүр бүлгээрээ нэгдэн нийт 12 машин буюу нэг тонн 784,5 кг дахивар хог хаягдлыг түүн тушааж, 460 мянга 219 төгрөгийн хуримтлал үүсгэжээ.
Тэд Монгол банкнаас “Санхүүгээ
зөв төлөвлөж ирээдүйгээ бүтээцгээе" уриан дор өрнөж буй “Дэлхийн мөнгөний
7 хоног 2023” аяны хүрээнд зохион байгуулсан Эко
хуримтлал уралдааны хүрээнд дээрх хог
хаягдлыг ийн мөнгө болгож чаджээ. Уралдаанд ЕБС, МСҮТ, дотуур байрны 23 бүлгийн 853 сурагч оролцсон байна.
Бүлгүүдийн түүсэн хогийг ангилбал 1 тонн 690.54 кг хуванцар сав, 93.96 кг лааз байна. Эдгээрийг Сүхбаатар тохижилт үйлчилгээний газарт тушаажээ. Харин тус газар сурагчдын тушаасан дахивар хогийг дахин боловсруулж, үйлдвэрлэлд ашиглах юм. Тус газар нь гялгар уут, хуванцар сав зэргийг дахин боловсруулж, хашааны шон болон ус зайлуулах хоолойны таг зэргийг хийдэг байна. Яг энэ чиглэлийн үйлдвэрлэлээ таслалгүй явуулахад түүхий эдийн хомсдол их байдаг.
Өөрөөр хэлбэл иргэд тэр бүр хогоо ангилан ялгаж, тушаадаггүй. Тиймээс сурагчид ингэж их хэмжээгээр түүхий эдийг тушааж байгаа нь үйлдвэрлэлийн ажилд тустай. Нөгөө талаар нийтийн эзэмшлийн зам талбайн хогийг цэвэрлэх ажилд гар бие оролцож буй маш том үйл хэрэг гэдгийг Сүхбаатар тохижилт үйлчилгээний газрын хамт олон хэлж байлаа.