БАЯН-ӨЛГИЙ: АНУ-ын ЭСЯ-ны багш нар мэргэжил дээшлүүлэх сургалт хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙӨлгий /МОНЦАМЭ/. АНУ-ын Элчин сайдын яамны харьяа сургагч багш нар Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш нарт мэргэжил дээшлүүлэх сургалт явууллаа.
Орон нутгийн ментор багш нартай хамтран энэ сарын 26-27-ны өдрүүдэд Өлгий хотод зохион байгуулсан "Act for women" сургалт нь англи хэлний багш нарын хувь хүний болон мэргэжлийн хөгжлийг дэмжих, тэдний нийгэмд үзүүлэх манлайллыг нэмэгдүүлэх, арга зүй болон хэл зүйн мэдлэгийг дээшлүүлэх, сайн туршлага хуваалцах зорилготой аж. Сургалтад аймгийн төв болон хөдөөгийн 12 сумаас 58 багш оролцов.
Сургалтын үеэр багш хүн боловсролын салбарын манлайлагч байхын тулд хувь хүний хөгжлийн талаас анхаарах зүйлс, хамтран хөгжих чиглэл, мэргэжлийн хөгжлийн бүлгээр хөгжих боломжуудын талаар мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүллээ.
АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас дээрх сургалтыг хамтран явуулахаар 3 сургагч багш иржээ. "Миний бие Дунд сургуулийн багш нарт зориулсан Фулбрайтын ТЕА (Fulbright Teaching Excellence and Achievement) хөтөлбөрт хүсэлт илгээж сонгогдон Монгол Улсад хүрэлцэн ирсэн. Одоо Булган аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт мэргэжилтнээр ажилладаг. Энэ удаад Баян-Өлгий аймагт ирж англи хэлний багш нарыг чадавхжуулах “Act for women” төслийн сургагч багшаар ажиллаж байна" хэмээн сургагч багш нарын нэг Шериф Исмайл хэллээ.