БАЯН-ӨЛГИЙ: “Бүргэд” номыг “National geographic”-ийн лого тэмдэгтэйгээр хэвлүүлэн гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-03-28 10:26:10

Өлгий /МОНЦАМЭ/. Аялагч, гэрэл зурагчин Ч.Батзаяа, Х.Энхжаргал нарын хамтран бүтээсэн “Бүргэд” ном саяхан хэвлэлтээс гарч олны хүртээл боллоо.


Дэлхийн брэнд болох “National geographic”-ийн лого тэмдэгтэйгээр хэвлүүлсэн тус ном нь уран бүтээлчдийн “Аян” төслийн хүрээнд гаргасан "Ирвэс", "Цаатан" номын дараах гурав дахь цуврал бүтээл аж. Номд Монголын шувуулах уламжлал, цармын бүргэд, Монголын казахуудын бүргэдээр шувуулах соёл, бүргэдийг сургаж гаршуулах, анд бэлдэх арга ухааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл болон бүргэдчидтэй хийсэн ярилцлагууд  багтжээ.

 

Түүнчлэн сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд авсан бүргэд, бүргэдчид, бүргэдийн баярын зургууд, бүргэдтэй холбоотой эрдэмтэн судлаачид, хувь хүмүүсийн гаргасан ном, бүтээлүүдийн жагсаалтыг оруулсан байна.


Номын өмнөх үгийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бичжээ. Тэрбээр, "Хүн төрөлхтний тогтвортой хөгжил бол соёлын амьд өвтэй холбоотой юм гэдгийг НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага (ЮНЕСКО) тэмдэглэсэн байдаг. Эдүгээ бүргэдээр шувуулах өвийг нандигнан тээж буй ард иргэд, соёлын өвийг түгээн дэлгэрүүлж, хөгжүүлж, олон сайхан үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлэн өрнүүлж буй аймаг, орон нутаг, аялал жуулчлал, соёл урлагийн байгууллага, салбарын мэргэжилтнүүд, уран бүтээлчид, гэрэл зурагчдадаа талархаж байна" хэмээжээ.


Харин зохиогчид номыг бүтээх болсон зорилгоо, "Алсад сүндэрлэх Алтайн сүрлэг уулс, анч бүргэдтэй морьтон казах эр, гайхалтай хослол. Төв Азийн нүүдэлчин түмний улбаа Монголын казахууд шувуулах уламжлалт соёлыг өнө эртнээс нааш уламжлалт хэлбэрээр хадгалж, эргэх цагийн аяст нүүдлийн ахуй соёлтойгоо хослуулан тээсээр буй дэлхий дээрх цөөн үндэстний нэг билээ. Энэ бүхнийг цогцлооход Монгол Алтайн уулс, хүрээлэн буй орчин, уур амьсгалын хувьд нэн таатай түшиц нутаг нь болжээ. Нүүдэлчдийн өв уламжлал орчин цагт гээгдэн мартагдаж буйг халаглан харсаар суухыг хүсээгүй тул харсан мэдсэнээ хуваалцан, өв соёлоо хадгалан хамгаалах үйлсэд нэгдэхийг хүссэн нь энэ болой" гэж тайлбарласан байна.


Монгол Алтайн казахуудын өв уламжлал, бүргэдээр шувуулах соёл болон Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг сурталчлах энэхүү номыг зохиогчид нь цаашид казах, англи хэлээр орчуулж, дэлхийн зах зээлд гаргахыг зорьж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ