Б.Нетаньяху шүүхийн шинэчлэлийг хойшлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-03-28 08:44:53

ТЕЛЬ-АВИВ. /BBC/. Израилын Засгийн газрын тэргүүн Биньямин Нетаньяху гуравдугаар сарын 27-ны орой иргэддээ хандан үг хэлэхдээ, тус улсад томоохон эсэргүүцлийн жагсаал өрнөхөд хүргэсэн шүүхийн шинэчлэлийг батлах үйл явцыг хойшлуулж байгаагаа мэдэгджээ. 


Түүний хэлснээр, Засгийн газар Израилын шүүх тогтолцоог шинэчлэх шаардлагатай гэж урьдын адил үзсэн хэвээр байна. Гэсэн хэдий ч үүнийг хийхийн тулд нийгэмд өргөн хүрээний тохиролцоонд хүрэх хэрэгтэй. 


Б.Нетаньяху мэдэгдэхдээ, шинэчлэлийг батлах үйл явцыг парламентын зуны чуулган хүртэл зогсоосон гэв. Эрх баригчид нийгэмд хагарал үүсгэхгүйн тулд ийм шийдвэр гаргажээ. 


“Ямартаа ч бид эрх мэдлийн салаа мөчир хооронд алдагдсан тэнцвэрийг сэргээх шинэчлэлийг хийнэ” гэж Ерөнхий сайд мэдэгдсэн байна. 


Б.Нетаньяхуг дээрх мэдэгдлийг хийсний дараа Израилын "Хистадрут" Бүх ажилчдын холбооны тэргүүн Арнон Бар-Давид орон даяар бүх нийтийн ажил хаялтыг зогсоосныг мэдээлжээ. 

Холбоотой мэдээ