ЗАВХАН: Хүүхдүүд 658 кг аюултай хог хаягдлыг эх үүсвэрээс цуглуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-03-27 16:53:56

Улиастай/МОНЦАМЭ/. Аюултай хог хаягдлыг эх үүсвэрээс нь цуглуулах, хөрсний бохирдлоос сэргийлэх, зөв дадалд хүүхдүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой уралдаанд Завханы гурван сургууль идэвхтэй оролцжээ.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Боловсролын Ерөнхий газраас зохион байгуулж байгаа "Гэрэлт ирээдүйн төлөө аюулыг авдарлая II" уралдаанд Завхан аймгийн Улиастай сумын Ерөнхий боловсролын III сургуулийн эко клубын сурагчид нийт 258 кг аюултай хаягдлыг авдарлаж оролцлоо.

Тухайлбал, хуруу болон товчин зай 5.4 кг,  устгалд илгээх эм 3.35 кг, гар утас таблет-80 кг, бүрэн засагдах боломжтой гар утас цэнэглэгч, адаптер, USB-38.07 кг-ийг цуглуулжээ.

Мөн чихэвч, хөгжим, халуун хэмжигч, сахлын машин, палат, компьютерын процессор гээд нийт 110 кг аюултай хаягдлыг цуглуулсан байна.

Тус сургуулийн эко клуб өөрийн сургууль дээрээ мөн уралдаан зарласан бөгөөд уралдаанд нийт 16 анги оролцжээ.

Тодруулбал, А.Ууганцэцэг багштай 11б анги 82.5 кг, М.Лхагвасүрэн багштай 9б анги 78кг, М.Оюун-Эрдэнэ багштай 8б анги 59.5 кг аюултай хаягдлыг тус тус цуглуулсан байна гэж аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.


Аюултай хог хаягдал гэдэг нь тэсрэмтгий, шатамхай, урвалын идэвхтэй, исэлдүүлэгч, агаар болон устай харилцан үйлчилж хортой хий ялгаруулдаг, халдвартай, идэмхий, хүн амьтанд богино болон удаан хугацаанд хортой нөлөөлөл үзүүлдэг. Байгаль орчинд хортой шинж чанартай, устгасны дараа аюултай шинж чанартай ялгарал үүсгэдэг хог хаягдал юм.




“Алсын хараа 2050”, Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Агаар, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрт хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, дахин ашиглах, боловсруулах менежментийг хэрэгжүүлж эдийн засгийн эргэлтэд оруулах.

Хаягдлыг бүрэн дахин боловсруулж, сэргээн ашиглах, эрчим хүч үйлдвэрлэх.

Аюултай хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулах, хог хаягдлыг ашиглах, дахин боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих, аюултай хог хаягдлыг түр хадгалах, устгах зориулалттай байгууламж байгуулж, аюултай хог хаягдал хяналтгүй тархах байдлыг хумих тухай заасан.


Харин Тэлмэн сумын ерөнхий боловсролын сургууль, Улиастай сумын ерөнхий боловсролын IV сургуулиуд дээрх уралдаанд мөн идэвхтэй оролцож 400 кг хаягдлыг цуглуулжээ. Хүүхдүүдийн цуглуулсан аюултай хог хаягдлыг устгах эрх бүхий газарт аймгийн БОАЖГ-аар дамжуулан шилжүүлэх юм байна. 


Холбоотой мэдээ