Тогтвортой хөгжлийн боловсролын бүтцийг бий болгох шаардлагатай байгааг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-03-27 14:53:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад 2018 онд баталсан “Тогтвортой хөгжлийн боловсролын Үндэсний хөтөлбөр”-ийг өнгөрсөн жил хэрэгжүүлж дууссан. Хөтөлбөрийн хэрэгжилтийн дүнд эхний ээлжинд ТХБ-ын үзэл санааг хэрэгжүүлэх, хариуцах бүтцээ бий болгож, стратеги төлөвлөгөө, замын зураглалаа гаргах шаардлагатай байгаа нь гарчээ.

Тодруулж хэлбэл, Тогтвортой хөгжлийн боловсрол (ТХБ)-ын интитуцын бүтцийг бий болгох хэрэгтэй байгааг БШУЯ, БОАЖЯ, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй ТХБ-II төслөөс “Тогтвортой хөгжлийн боловсролыг үндэсний түвшинд институтчлэх нь” сэдэвт хэлэлцүүлгээр хөндлөө.


Хэлэлцүүлгийн үеэр Монголын Сэтгэл зүйчдийн нийгэмлэгийн тэргүүн Ш.Батсүх Австри, ХБНГУ зэрэг оронд ТХБ-ын үзэл баримтлалыг хэрэгжүүлж буй туршлагаас танилцуулсан юм. Австри улс "ТХБ-ын стратeги"-аа 15 жилийн өмнө, 2008 онд баталж, хүйсийн тэгш эрх, жeндэрийн асуудал, эрүүл мэнд, хүрээлэн буй орчноо хамгаалах, хөдөөгийн хөгжил, хүмүүнлэгийн болон энх тайвны аюулгүй байдал, тогтвортой хэрэглээ, соёлын олон талт байдал, хотуудын тогтвортой хөгжил гэсэн үндсэн асуудалд төвлөрчээ.


Манай улсын Боловсролын ерөнхий хуулийн төсөлд “Бүх шатны сургуулийн сургалтын агуулгад Тогтвортой хөгжлийн үзэл санааг тусгана”  хэмээн оруулсан.




ХБНГУ-д муж улс тус бүрдээ Тогтвортой хөгжил болон ТХБ-ын үзэл баримтлалыг хэрэгжүүлэх бодлого, бүтэцтэй байна. Тухайлбал, Хэссэн муж "Дугуй ширээ"-ний загвар бүхий зөвлөлтэй. НҮБ-ын ЮНEСКО, эрдэмтэн судлаачид тус зөвлөлийн зөвлөхөөр ажилладаг бол гишүүд нь төр, ТББ -ын төлөөллүүдээс бүрддэг байна.


Судлаач, доктор, профессор Ш.Батсүх хэлэхдээ, “Монгол Улс үндэсний түвшинд ТХБ-ын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, институтчлэх, ололт амжилтаа бэхжүүлэх үүргийг Олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө 2030 он хүртэл хүлээсэн. Тиймээс ирэх 8 жилд эдгээрийг хэрхэн, яаж хэрэгжүүлэх талаар бид олон талын оролцоотой санал солилцлоо.

Манай улсын Боловсролын ерөнхий хуулийн төсөлд “Бүх шатны сургуулийн сургалтын агуулгад Тогтвортой хөгжлийн үзэл санааг тусгана” гэж оруулсан. УИХ-аар үүнийг батлах үлдээд байна. Бидний хэлэлцүүлгээр гарсан саналуудыг тусган Засгийн газарт оруулахаар төлөвлөж байна”  гэлээ.

Холбоотой мэдээ