ТӨВ: Аймгийн газар нутгийн 18,7 хувийг ойн сан эзэлдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-03-23 11:13:54

Зуунмод /МОНЦАМЭ/ Төв аймгийн хувьд ойн сангийн нийт талбай нь 1 388 199 га буюу нийт газар нутгийн 18.7 хувийг эзэлдэг. Үүнээс 1 221 360 га буюу 87.98 хувийг хамгаалалтын бүсийн ой, 166 839 га буюу 12.02 хувийг ашиглалтын бүсийн ой тус тус эзэлдэг байна. Нийт ойгоор бүрхэгдсэн талбайн 957 183 га-г байгалийн ой, 137 857 га-г бут, сөөг, 596 га-г таримал ой эзэлж байна. Төв аймгийн нийт ойн сангийн 61 хувь буюу зонхилох хувь нь шинэсэн ой эзлэн ургадаг



Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг Төв аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын Ойн нэгжийн дарга Ц.Очирхуягаас тодрууллаа.


-Ойн арчлалт хамгаалалтыг ямар хугацаанд, яаж хийдэг вэ?

айгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/684 дүгээр тушаал буюу ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх журмыг баримтлан ажилладаг. Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллага арчилгаа, цэвэрлэгээний журмаар мод бэлтгэх тохиолдолд ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээг бүрэн төлсний дараа Ойн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасны дагуу мод бэлтгэх эрхийн бичгийг ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/-аас авсан байна. Энэ онд аймгийн хэмжээнд ИТХ-ын тогтоолоор хэрэглээ 22730 шоо метр, түлээний мод 27750 шоо метр, нийт 50480 шоо метр мод бэлтгэхээр батлагдсан. Хэрэглээний модны 100 шоо метр тутамд 2 га талбайд ойжуулалтын ажлыг ААН-үүд өөрийн хөрөнгөөр хийдэг.

-Мод бэлтгэлийн зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллага хэд байдаг вэ?

-Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж байгаа мод бэлтгэлийн зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллага Батсүмбэр 6, Борнуур 2, Жаргалант 1, Мөнгөнморьт 6  нийт 4 суманд 15 аж ахуйн нэгж, байгууллага байна.


-Эдгээр зөвшөөрөлтэй аж ахуй нэгж, байгууллагуудыг хэрхэн хянадаг вэ?

-Байгаль хамгаалагч мод бэлтгэх гэрээ, технологийн карт, талбай тусгаарлалтын баримт бичиг зэргийг үндэслэн, мод бэлтгэх эхлэлийн акт үйлдэж, эрхийн бичгийг олгон, мод бэлтгэгч этгээдэд талбайг хүлээлгэн өгнө.

Байгаль хамгаалагч бэлтгэсэн модны тээвэрлэлтэд бүртгэлийн дэвтэр хөтөлж, дээд агуулахаас тээвэрлэж буй модонд хяналтын хуудсаар хяналт тавих бөгөөд тухайн талбайгаас бэлтгэх модны хэмжээнд хүрмэгц ажлыг зогсоож, гүйцэтгэлийг тооцон, Ойн анги, Хамгаалалтын захиргаанд мэдэгдэн, энэ журмын 5.4-т заасны дагуу талбайг хүлээн авна.

Байгаль орчны хяналтын улсын байцаагч мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээний олголт, ашиглалт, мод бэлтгэх, тээвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавина

Аймаг, нийслэлийн Байгаль орчны газар, Ойн анги, хамгаалалтын захиргаа нь ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх ажлын явцад технологийн хяналт шалгалт хийж, холбогдох хууль тогтоомж, журам, зааврыг сурталчлан таниулах, технологийн зөрчлийг гаргуулахгүй байх арга хэмжээг авч ажиллана.


-Ойн ан амьтны нөөцийн талаар?

-Төв аймгийн хэмжээнд 32 зүйлийн хөхтөн амьтан, 313 зүйлийн шувуу, 16 зүйл загас улирлын чанартай нутагшин амьдардаг гэсэн судалгаа байдаг.

-Хөнөөлт хортон шавжид нэрвэгдсэн голомт бий юу? Ямар байдлаар тэмцэж байгаа вэ?

-Төв аймгийн хэмжээнд хортон хөнөөлт шавжид нэрвэгдсэн голомттой буюу тархсан талбайн хэмжээ 4 сум буюу Батсүмбэр, Эрдэнэ, Баяндэлгэр, Мөнгөнморьт сумдын 48440 га талбайг хамарсан байна.

Ойн хортонтой тэмцэх ажлыг аж ахуйн нэгж байгууллагын хөрөнгөөр Батсүмбэр суманд 1,82 мянган га талбайд, орон нутгийн төсвийн хөрөнгөөр Эрдэнэ суманд 1,0 мянган га талбайд нийт 2,82 мянган га талбайд зохион байгуулсан.

Арга хэлбэрийн хувьд утаат үүргэвчин шүршигч багаж ашиглан химийн аргаар устгасан.

 

Холбоотой мэдээ