Хоккейн IV Дивизионы ДАШТ-д оролцох баг тамирчид хүрэлцэн иржээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Хоккейн IV Дивизионы Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээн эхлэхэд 2 хоног үлдээд байна.
Улаанбаатар хот дахь "Steppa Arena" мөсөн хотхонд 3 дугаар сарын 23-26-д зохион байгуулагдах тус тэмцээнд Монгол, Кувейт, Филиппин, Индонез улсын багууд өрсөлдөх юм. Тэмцээнд оролцох Кувейт, Индонез, Филиппин улсын баг тамирчид өнөөдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн иржээ.
Тэмцээний эхний тоглолт 3 дугаар сарын 23-ны өдрийн 14.00 цагаас Филиппин, Индонез улсын шигшээ багуудын хооронд болж, 17.30 цагаас албан ёсны нээлтийн арга хэмжээ болох юм. Харин Монгол, Кувейт улсуудын баг 18.00 цагаас тоглолтоо хийнэ.