ХЭНТИЙ: Цахим гадаад паспортыг 30 орчим иргэн захиалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-03-17 10:02:38
Хэнтий /МОНЦАМЭ/: Үндэсний энгийн цахим гадаад паспортыг өчигдрөөс нийслэл, орон нутаг даяар олгож эхэллээ.
Цахим гадаад паспортын захиалгыг энэ сарын нэгнээс авч эхэлсэн бөгөөд Хэнтий аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 30 орчим иргэн захиалаад байна. Анхны хэрэглэгчдийн төлөөлөл болох хоёр иргэнд аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Дарханбаатар, аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Б.Төрхүү нар цахим гадаад паспортыг нь гардуулан өглөө.
Цахим гадаад паспорт нь эхний хуудсан дахь мэдээллийн хэсгийг чипжүүлснээрээ энгийн паспортоос ялгаатай бөгөөд хил гаалиар саадгүй, түргэн шуурхай нэвтрэх буюу хилийн шалган нэвтрүүлэх ажилтнаар штамп даруулахгүйгээр сканердаад гарч, орох боломжтой аж. Жишээ нь, Канадыг зорьж буй иргэн шалган нэвтрүүлэхэд цахим паспортоо уншуулахад тухайн иргэнтэй холбоотой бүх мэдээлэл танигдах тул гаалийн ажилтантай харилцаж, урт дараалалд зогсоход зарцуулдаг 30-60 минутыг хэмнэх юм.
Үүнээс гадна бичиг баримтын аюулгүй байдлыг хангах, хуурамч бичиг баримт бүрдүүлэхээс зайлсхийх зэрэг олон талын ач холбогдолтой бөгөөд энгийн гадаад паспортоос олон буюу 48 хуудастайгаараа давуу талтай гэдгийг УБХ-ийн мэргэжилнүүд хэлж байлаа.
Нэг иргэн хоёр паспорт эзэмших боломжгүй учир цахим гадаад паспорт захиалсан тохиолдолд хуучин паспорт хүчингүй болох юм. Харин шинээр захиалаагүй нөхцөлд хуучин гадаад паспортын хэрэглээ, хугацаа зэрэгт ямар нэгэн өөрчлөлт орохгүй хүчинтэй хэвээр байна. Хэрэв хаяж гээсэн, гэмтээсэн шалтгаанаар дахин авах бол цахим болон энгийн гэсэн хоёр төрлийн паспортоос сонголтоо хийн захиалах боломжтой аж.
Цахим паспортыг 82500, энгийнийг нь 40000 төгрөгөөр захиалах бөгөөд ажлын 15 хоногийн дотор салбар нэгжид хүргэх юм байна.
Холбоотой мэдээ