Чанартай зам тавихад бүх талаар анхаарч ажиллахыг хүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-03-16 14:45:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗТХЯ энэ оныг бүрэн цахимжсан бүтээмжийг дээдэлж, хариуцлага, үр дүнг тооцох жил болгон зарлажээ. Энэ хүрээнд автозамын салбарт “Чанартай зам, чансаатай засвар арчлалт” гэсэн бодлогын зорилт тавьж байна. Энэ талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт салбарын инженер, техникийн ажилчид, АЗЗА-ын компанийн удирдлагуудтай уулзах үеэр мэдэгдлээ. Авто замчдын зүгээс дараах санал, хүсэлтийг хэллээ. Үүнд:

  • Авто замын тусгай зөвшөөрлийн зарим шаардлагыг багасгаж, зөвлөх үйлчилгээг илүү боловсронгуй болгох,
  • Төсвийн норм, тарифыг шинэчилж, илүү уян хатан болгох. Жишиг цалин , тарифыг инфляцтай уялдуулан нэмж өгөх,
  • Замын тендерийн босгыг дотоодын ААН-үүд давахгүй байгаа байдлыг анхаарч, монголчууд зам чанартай барьж чаддаг учир 100 км тавих замын тендер зарлахад 15-20 км-ээр нь хуваах байдлаар шийдэж өгөх,
  • Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ, эрдэм, шинжилгээ судалгаагаа сайн хийж, төрийн хөндлөнгийн хяналт тавих,
  • Авто замын томоохон бүтээн байгуулалтад дотоодын компаниудыг түлхүү оролцуулах,
  • Гаднын улсад завод, зам гүүрийн инженерүүд бүгд тусдаа байдаг. Замын компани, инженерүүдээ төрөлжүүлэн, хөгжүүлэх,
  • Авто замын салбарын хүний нөөцийг бэлтгэх, судалгааны институттэй хамтарч, оролцоог сайжруулах хэрэгтэй байна гэсэн саналуудыг хэллээ.


ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, энэ онд 550 км орчим зам, 500 метр гүүр ашиглалтад оруулахаад төлөвлөснийг мэдээлж, олон жил гацсан Дарханы замыг бүрэн ашиглалтад оруулахаа мэдэгдлээ. Тиймээс 2023 онд замчид илүү хариуцлагатай ажиллаж, чанартай замыг богино хугацаанд тавих ёстой. Мөн авто замын норм, нормативыг шинэчлэх, авто замын зураг төсөл, магадлалыг боловсруулахдаа алдаатай, хайнга ханддаг байдлыг цэгцэлж, замын гүйцэтгэл, хяналтаа дутуу тавьдаг алдааг нэн түрүүнд засна гэв



Тэрбээр, “Хөндлөнгийн хяналтыг сайжруулж, дотооддоо ШУТИС, гадаадад БНСУ, ОХУ, БНХАУ-д замын инженер бэлтгэх, мэргэшүүлэхэд залуучуудаа бодлогоор ямагт дэмжинэ. Төр, хувийн хэвшил хамтдаа байж, нэгдсэн ойлголтод хүрэх ёстой. Төр давуу эрхтэй байж болохгүй.

Цаашид улс хөгжих тусам замын салбарын эрэлт, хэрэгцээ өснө. Төр, хувийн хэвшил харилцан ойлголцож, чин сэтгэлээсээ хамтран ажиллаж байж үр дүн заавал гарна” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Холбоотой мэдээ