Европын холбоо ЖДҮ-ийг дэмжих төслөө 11 сая еврогийн санхүүжилтээр үргэлжлүүлэхээр боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-03-15 12:55:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европын холбоо манай улсад хэрэгжүүлж буй ЖДҮ-ийг дэмжих төслөө 11 сая еврогийн санхүүжилтээр үргэлжлүүлж байна. Энэ талаар Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз өнөөдөр “Туушин” зочид буудалд болсон “Монгол Улсад эрсдэлд тэсвэртэй жижиг дунд бизнесийг хөгжүүлэх” хөтөлбөрийн Удирдах хорооны хурлын үеэр мэдээллээ.




Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз, ЖДҮ-ийг дэмжих төслийг цар тахлын дараах эдийн засгийг сэргээхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 11 сая еврогийн санхүүжилтээр хэрэгжүүлнэ. Бид өмнөх төслүүдээрээ олон сургамж, туршлага авснаа үргэлжлүүлж байна. Хөвсгөл, Баян-Өлгий зэрэг баруун аймгуудаар явж байхад гэртээ бизнес хийж буй, тухайлбал, оёдол, мужааны бизнес эрхэлж буй хүмүүсийг хараад Монголд бизнесийн боломжууд бийг олж харан дараагийнхаа үе шатыг эхлүүлж байна гэв.

Тэрбээр, энэ удаа бичил бизнес эрхлэгч нарт онцгой анхаарахаа мэдэгдлээ. Тодруулбал, хямралын дараах үед гэртээ бизнес эхлүүлэхээр хичээж буй маш бага хэмжээний хөрөнгө, үйл ажиллагаатай бичил бизнес эрхлэгчдийг дэмжих нь онцгой ач холбогдолтой хэмээн үзэж байна гэв. 5 жилийн хугацаатай хэрэгжих дээрх төслөөр ЖДҮ болон бичил эрхлэгч нарт орон нутгийн байгууллага, арилжааны банкуудаар дамжуулан техникийн тусламж үзүүлж, санхүүжилт олгож, бизнесийг хөгжүүлэх арга зүйн зөвлөгөө өгч үйлчилнэ гэв.

Европын холбооны Элчин сайд цааш нь хэлэхдээ, би сая УИХ-ын хаврын чуулганы нээлтээс ирлээ. УИХ-ын дарга авлигатай тэмцэх нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл болж буйг мэдээллээ. Үүнтэй бүрэн санал нэг байна. Учир нь төр, засаг ЖДҮ-ийн үйл ажиллагааг дэмжихийг хүсэж байгаа бол эрүүл, шударга орчныг эхлээд бүрдүүлэх хэрэгтэй.

Бизнест саад болж буй авлигын эсрэг тэмцэх нь маш зөв зүйтэй бодлого юм. Нөгөө талаар ил тод байдлыг сайжруулж, шүгэл үлээгчдийг хамгаалах талаар мэдэгдэж буй нь Монголын төр маш оновчтой үйл ажиллагаа хэрэгжүүлж байна хэмээн үзэж буйгаа илэрхийллээ.




Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Жижиг, дунд үйлдвэрийн санхүүжилт, хөгжлийн группийн Төв Азийн бүсийн тэргүүн Хольгер Вифель, аливаа улсын эдийн засагт жижиг дунд бизнес чухал үүрэгтэй байдаг. Тиймээс бид Европын холбооны төслүүдийг хэрэгжүүлэхдээ баяртай байдаг. Ялангуяа, одоо ЖДҮ-ийг эдийн засгийг ногоон болгох, дижитал хөгжилд шилжүүлэх нь онцгой ач холбогдолтой. Бид Засгийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх бодлогын хүрээнд Монголбанктай хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн оролцоог хангахад төвлөрч ажиллаж, 100 гаруй эмэгтэй бизнес эрхлэгч нарт үр нөлөө бүхий үйл ажиллагааг хүргэж, энэ төсөл амжилттай хэрэгжээд байна.

Тиймээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ЖДҮ-ийн газар, МҮХАҮТ зэрэг бусад түнш байгууллагуудтай ЖДҮ-ийг дэмжихэд үргэлжлүүлэн ажиллана гэв.



“Монгол Улсад эрсдэлд тэсвэртэй жижиг дунд бизнесийг хөгжүүлэх” хөтөлбөрийн Удирдах хорооны дарга, ЖДҮ-ийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Манай газар Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран “ЖДҮ-ийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэн эдийн засгийн төрөлжилтийг дэмжих” хөтөлбөрийг хэрэгжүүлж ЖДҮ эрхлэгч олон иргэдийн үйл ажиллагааг сайжруулахад санхүүгийн болон санхүүгийн бус дэмжлэгийг үзүүлж ирсэн. Энэ удаагийн төслөөр манай зүгээс хөтөлбөрийг ЖДҮ-ийн экспортыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлэх саналтай байна гэв.

Бид дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон мал аж ахуй, газар тариалан эрхлэх арга барилаа улам боловсронгуй болгож, нэмүү өртөг бүтээж, гадаад зах зээл рүү чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлж, хүнс экспортлогч орон болох зорилготой.

Бүс нутгийн хүнсний хангамж, хүртээмжийг сайжруулах, ядуурлыг бууруулах, дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд бид бүхний хамтын ажиллагаа, хөрөнгө оруулагчид, хөгжлийн түншүүдийн оролцоо, дэмжлэг нэн чухал гэв.


Европын холбоо болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас Монгол Улсад хэрэгжүүлж буй төслийн хурлыг Европын холбооноос санаачлан зохион байгууллаа. Удирдах хорооны өнөөдрийн хурлаар Европын холбооны төслийн санхүүжилтийн цаашдын боломж, хэвийн үйл ажиллагааг хангах талаар мөн хэлэлцлээ. 

Холбоотой мэдээ