Л.Энх-Амгалан: Монгол Улсын нийт өрийн 10-15 хувийг боловсролын салбарт авсан зээл тусламж эзэлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-03-14 18:44:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. LEG MEETING буюу "Боловсролын орон нутгийн бүлэг"-ийн зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.

 

Уулзалтаар Монгол Улсын Засгийн газраас боловсрол, шинжлэх ухааны салбарт баримталж буй бодлого, ойрын ирээдүйн зорилтыг танилцуулсан юм. Энэ хүрээнд хамтран ажиллах боломж, хэн ямар байдлаар хамтран оролцох боломжтойг хэлэлцлээ. Мөн уулзалтаар гишүүн байгууллагуудын хамтын ажиллагаа, түншлэлийн механизмыг бий болгож байгаа юм. Энэ механизм бий болсноор олон улсын төсөл хөтөлбөрүүд боловсрол, шинжлэх ухааны салбарын бодлоготой нийцлийг хангаж, хэрэгжих бодит боломжийг нэмэгдүүлнэ. Мөн бүлгийн гишүүн байгууллагууд улирал тутам хуралдаж тулгамдаж буй бэрхшээл, түүнийг шийдэх арга зам, санхүүгийн болон техникийн дэмжлэгийг тодорхойлдог болно.

 

Уулзалт зөвлөгөөнд боловсролын донорууд, олон улсын хөгжлийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл гээд 100 орчим хүн оролцов.

 

Энэ үеэр БШУ-ы сайд Л.Энх-Амгалангаас дараах мэдээллийг тодрууллаа.  


-Энэхүү зөвлөлдөх уулзалтаас ямар үр дүн хүлээж байна вэ?

-Япон болон Германы Засгийн газар болон Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагууд боловсролын салбарт олон жил хөнгөлөлттэй зээл олгосон. Өнгөрсөн хугацаанд боловсролын салбарт 760 орчим сая ам.доллар, мэргэжлийн салбарт 300 сая орчим ам.долларын төсөл хэрэгжүүлж дууссан байна. Нийт нэг тэрбум ам.долларын санхүүжилт авч, Монгол Улсын нийт өрийн 10-15 хувийг боловсролын салбарт авсан зээл тусламж эзэлж байна. Энэхүү зээл тусламж үр дүнтэй болсон уу, үүнийг авснаараа монголын дээд мэргэжлийн боловсролын байгууллагууд хөл дээрээ тогтож чадсан уу гэдэг нь эргэлзээтэй асуудал юм. Монгол Улсын өрийн босго дээд цэгтээ тулсан учраас цаашид хөнгөлөлттэй зээл тусламж авахад хүндрэлтэй байсан. Манай боловсролын салбарт олгож буй санхүүжүүлэгч байгууллагуудыг илүү бага хүүтэй, урт хугацаанд өгөх ямар боломж байгаа талаар шийдлүүдийг хэлэлцэж байна. Зарим улс орнууд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас боловсролын салбарт өгсөн зээлээ тэглүүлж байна. Цаашид донор бүхэн зээл хандив өгөхдөө нэг төрлийн зээл тусламжийг давхцуулахгүй байх талаар анхаарах хэрэгтэй байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх зээл тусламж хоорондоо ямар ч уялдаа холбоогүй, үр дүнгүй учраас бидний хүсэж байсан хэмжээнд хүрсэнгүй. Тиймээс бодлогын алдааг засаж залруулах зайлшгүй шаардлага тулгарч байна. Цаашид зээл тусламж, донор, хандив өгч буй байгууллагуудын зээлийн төрлийг давхцуулахгүй байхад анхаарна. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан маш олон төсөл хэрэгжиж байсан ч хоорондын уялдаагүйгээс үр дүнд хүрэхгүй байх нь элбэг байсан. Иймд цаашид олон улсаас бодлогын зээлийг авахдаа үр дүнд суурилсан санхүүжилтийн хэлбэрт оруулах ёстой.

Мөн хот, хөдөөгийн сургуулийн ялгаа, улсын, хувийн сургуулийн боловсролын чанарын ялгааг арилгах шаардлага үүссэн учраас санхүүжүүлэгч донор байгууллагуудтай хамтарч ажиллах саналуудыг танилцуулж байна. Хамгийн сайн сургууль, гэрт ойрхон байх ёстой. Хувийн сургууль сайн, улсын сургууль муу гэсэн зарчим үйлчилж болохгүй. Мөн Герман улстай мэргэжлийн боловсролын чиглэлээр , Япон улстай гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудын өргөтгөлийн асуудал, мөн амжилттай хэрэгжсэн 1000 инженерийн төслийн хоёр дахь ээлж, Япон-Монголын эмнэлгийн хоёр дахь өргөтгөлийг барих зайлшгүй шаардлагатай байна гэх мэт. Мөн КОИКА-тай сургуулиудын “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд 50 сургуулийн гал тогоог бүрэн шинэчлэх ажил хэрэгжиж байна. Цаашид боловсролын салбарын шинэчлэлд олон төсөл хэрэгжих болно.


-Манай улсын хувьд боловсролын салбарын зээл тусламжийг тэглүүлэх боломж бий болов уу?

-Сүүлийн 30 жилд манай боловсролын салбарт тэрбум орчим ам.долларын зээл тусламж авсан байна. Ихэнх нь төлөөд одоо 170 сая орчим ам.долларын үлдэгдэл доноруудад байгаа юм билээ. Үүнийг тэглүүлэх, эсвэл хүүг нь багасгах, хугацааг нь уртасгах ямар боломж байгааг ярилцаж банйа. Дэлхийн банкнаас өрийн босгонд хүрсэн, хөгжлийн өндөр түвшинд хүрээгүй улс орнуудад боловсролын чиглэлээр өгсөн зээлийг тэглэдэг санал санаачилга эхэлж байна. Тухайлбал, Герман улсын Засгийн газар  Индонезийн боловсролын салбарт өгсөн зээлийг тэглэсэн.


-Олон улсын зээл тусламжаар гадаадад сурсан мэргэжлийн боловсон хүчнүүд эх орондоо эргэж ирж ажиллахгүй байна гэж шүүмжлэл дагуулдаг. Үүнд БШУЯ ямар байр суурьтай байна вэ?

-“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна. Жил бүр 330 сум, 170 хорооноос сурлагаараа тэргүүлсэн хүүхдүүдийг дэлхийн хөгжилтэй буюу өндөр үнэлэгддэг сургуулиудад сургаж байна. Бид гэрээ хийж байгаа. Өмнө нь гэрээгээр үүрэг болгодоггүй байсан. Боловсролын зээлийн сангаас олгож байсан бакалаврын зээлийн үр дүн муутай. Учир нь бакалавраар сурсан хүүхдүүд эх орондоо ирдэггүй, гадаадад үлддэг нийтлэг хандлага байна. Хэрэв бакалавраар сурах юм бол дөрвөн жил гадаадад биш, эх орондоо хоёр жил сураад хоёр жил нь гадаадын өндөр сургалттай сургуулиудад сурах гэх мэт. Манай их, дээд сургуулиуд гадаадын сургуулиудтай хамтран 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Цаашид Боловсролын зээлийн сангаас олгож буй болон Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн тэтглэг бол бакалаврын түвшний тэтгэлгээс илүү магистр, докторын түвшний тэтгэлэг өгөх ёстой юм байна. Ингэвэл тодорхой үр дүнд хүрнэ гэж үзэж байна.





Холбоотой мэдээ