Япон Улсын тусламжаар ХСҮТ-ийн цэвэр ус түгээх системийг засна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг ХСҮТ-д гурав дахь удаагаа хэрэгжүүлэхээр боллоо.
“ХСҮТ-ийн цэвэр
ус түгээх системийн засварын төсөл”-ийн гэрээнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн
эрхт Элчин сайд Х.Кобаяши болон ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү нар өнөөдөр гарын үсэг зурав. Уг ёслолд
УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг болон УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нар
оролцлоо.
Төслийн хүрээнд ХСҮТ-ийн цэвэр ус түгээх системийн засварын ажил хийх юм.
1961 онд байгуулагдсан тус төв Монгол Улсын хэмжээнд хавдрын мэргэшсэн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлж буй цорын ганц эмнэлэг юм. Тус эмнэлгийн барилга олон жилийн эдэлгээний улмаас цэвэр ус түгээх систем нь хуучирч муудан, байнга ус алддаг болсон нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл учруулж буй аж. Энэ удаагийн төслийг хэрэгжүүлснээр тус эмнэлгийн эрүүл ахуйн орчин сайжирч, эмнэлгээр үйлчлүүлэгчид сэтгэл амар эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжтой болно гэдэгт найдаж буйгаа Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши илэрхийлэв.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эрүүл мэндийн салбарт цаг үеэ олсон, уян хатан төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж хэрэгжүүлэх замаар салбарын хөгжилд бодитой дэмжлэг туслалцаа үзүүлж байдаг Японы ард түмэнд гүн талархал илэрхийлэв. Тэрбээр, “Эрүүл мэндийн салбарт Япон улстай 1990 оноос хойш идэвхтэй хамтран ажиллаж байна. Энэ хугацаанд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх, техникийн хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүдийг ЖАЙКА-Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаар дамжуулан хамтран хэрэгжүүлж ирсэн. Тэдгээрийн нэг хэсэг нь Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр” бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл 593 дахь төслөө эхлүүлж буйд баяртай байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн салбарт анх 1990 онд В гепатитын вакцин үйлдвэрлэх технологийг сайжруулах төсөл хэрэгжүүлж эхэлснээс хойш Монгол Улсын аймаг, сумдын болон нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын барилгын засвар үйлчилгээ, тохижилтыг хийх, шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангах зэргээр аймаг, нийслэл, сумдын эрүүл мэндийн байгууллагуудын үйлчилгээг сайжруулахад туслалцаа үзүүлэх зорилготой жижиг, дунд хэмжээний цаг үеэ олсон, уян хатан төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн билээ. Өнөөдөр мөн энэ хөтөлбөрийн хүрээнд дахин нэг шинэ төслийг ХСҮТ-д хэрэгжүүлэх гэрээг байгуулж байна. Эрүүл мэндийн салбарт “Өвсний үндэс” хөтөлбөрөөс гадна Япон улстай хамтран хэрэгжүүлж байгаа өөр олон төсөл, хөтөлбөр байдаг бөгөөд цаашид ЭМЯ-наас харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлж, нягт хамтран ажиллах болно” хэмээсэн юм.
ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү монголчуудын асуудлыг өөрсдийнхөө тулгамдсан асуудал мэт шийдвэрлэхэд гүн туслалцаа үзүүлж буй Японы ЭСЯ-ныханд талархал илэрхийлээд төслийн ажлыг хугацаанд нь чанартай хийхэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр, “1982 онд баригдсан ХСҮТ-ийн барилгын доогуурх болон цэвэр, бохир усны систем олон жил засвар үйлчилгээ хийгдээгүй, хөрөнгө оруулалт хийх гэхээр өндөр өртөгтэй учраас өнгөрсөн хугацаанд боломж гараагүй юм билээ. Тиймээс бид хоёр жилийн хугацаанд Япон улсын ЭСЯ-тай ярилцан, “Өвсний үндэс” хөтөлбөрт саналаа өгсний дагуу өнөөдөр биеллээ олж байна. Нийт 800 орчим сая төгрөгийн санхүүжилт бүхий энэхүү төслийн хүрээнд цэвэр ус түгээх системийн босоо болон хөндлөн шугамыг бүрэн шинэчлэх юм” гэв.
Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1990 оноос өдийг хүртэл 33 жилийн турш “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Энэ удаагийн төсөл нь "Өвсний үндэс" буцалтгүй тусламжийн 593 дахь, ХСҮТ-д хэрэгжүүлэх 3 дахь төсөл болж байгаа юм.
Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 217.100 ам.доллар буюу 735.781.242 орчим төгрөг юм.
“Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй
тусламж”-ийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газар 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн
бөгөөд хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол,
эрүүл мэндийн байгууллагатай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм.
Тухайн орон нутгийн иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд
санхүүжилт олгодог бөгөөд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд Япон Улсын гадаад
дахь дипломат төлөөлөгчийн газруудад голлох үүрэг гүйцэтгэдэг байна.