Bloomberg: “Rio Tinto” Монголд гүний уурхайн олборлолтоо эхлүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
odondarjaa@montsame.gov.mn
2023-03-14 17:19:26

УЛААНБААТАР. /Bloomberg/.  “Rio Tinto” групп Монгол Улс дахь зэс-алтны уурхайнхаа гүний уурхайн олборлолтыг эхлүүллээ. Олон жил хойшлогдож, Монголын Засгийн газартай олон тэрбум ам.долларын зардлын асуудлаар маргалдсаны эцэст энэхүү өргөтгөл ашиглалт орсон нь уг уурхайг дэлхийн хамгийн том уурхайнуудын нэг болгох юм.


“Оюу толгой” төсөл нь одоогоор говь цөлийн гадаргаас доош 1.3 км-ийн гүнд хүдэр олборлож байна гэж “Rio Tinto” компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм уурхайн нээлтийн үеэр сэтгүүлчдэд мэдээллээ. Дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг уул уурхайн тус компани өсөлтийн төлөвлөгөөнийхөө гол цөмд тооцдог уг далд уурхайн төсөлд 7 тэрбум ам.доллар зарцуулж байгаа аж.


Эрчим хүчний шилжилт хурдсахын хэрээр өсөн нэмэгдэж буй зэсийн эрэлт хэрэгцээг хангах дэлхийн цөөхөн том шинэ эх үүсвэрүүдийн нэг болж байгаа тул энэ уурхай нь “Rio Tinto”-гийн  хувьд том “олз” юм.


“Rio Tinto”-гийн  мэдээлснээр, 2030 онд олборлолтынхоо оргил үед Монгол дахь уурхай нь жилд хагас сая тонн зэс олборлож, дэлхийн зэсийн дөрөв дэх том эх үүсвэр болно. Энэ нь зургаан сая орчим цахилгаан авто машин үйлдвэрлэх, эсвэл 60 том салхин цахилгаан станц барихад хангалттай хүрэлцэхүйц хэмжээ ажээ. 


Гэвч 2015 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан "Оюу толгой"-н гүний олборлолтыг эхлүүлэх хүнд хэцүү зам нь шинэ эрэлтийг хангах эх үүсвэр болоход сорилт бэрхшээлүүд тулгарна гэдгийг харуулж байна. Үүний нэг шалтгаан нь Монгол зэрэг байгалийн баялаг ихтэй орнууд дэлхийн том уул уурхайн компаниудаас илүү сайн нөхцөл шаардах болсонтой холбоотой. “Оюу толгой” нь Төв Азийн энэхүү улсын эдийн засгийн хэмжээг гуравны нэгээр нэмэгдүүлж чадна.


“Rio Tinto” нь 2009 онд “Оюу Толгой”-г ашиглах 30 жилийн гэрээ байгуулснаар Монголын хамгийн том гадаадын хөрөнгө оруулагч болсон билээ. Ил уурхайн олборлолт 2013 онд эхэлсэн боловч илүү ашигтай гүний уурхайн төсөл гацаанд орж,  хувьсамтгай ардчилал “Rio Tinto”-г удаа дараа сорьж байлаа. Сонгууль болгоны сурталчилгааны үеэр гадаадынхан тус улсын эрдэс баялгийг цөлмөж байна гэсэн мэдэгдэл давамгайлж байв. Дэлхийн түүхий эдийн зах зээл дэх үнийн савлагаа, “COVID-19” цар тахлын улмаас нөхцөл байдал бүр ч дорджээ.


Монголын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ гүний уурхайн нээлтэд оролцож үг хэлэхдээ, уг төсөлтэй холбоотой олон "асуудал" байсныг хүлээн зөвшөөрч, “Rio Tinto”-той хийсэн хүнд хэцүү хэлэлцээ нь улс орныхоо ард түмэнд хамгийн их ашиг хүртээх гэсэн хүсэл эрмэлзлээс үүдэлтэй гэж хэлсэн байна. 


Чухал хэлэлцээр

2021 онд Монголын талын 2.4 тэрбум ам.долларын өрийг тэглэх хэлэлцээ тухайн үед санхүү хариуцсан захирал байсан Я.Стаусхольмын хувьд чухал сорилт байв. Тэрбээр 2020 оны сүүлчээр гүйцэтгэх захирлаар томилогдсон юм. Чухамхүү уг хэлэлцээрийн үр дүнд өнөөдрийн гүний уурхайн нээлтийг зохион байгуулах боломжтой болсон билээ.


“Rio Tinto”-гийн мэдээлснээр, тус компани Монгол Улсад 4 тэрбум ам. долларын татвар болон бусад төлбөрийг оруулаад 15 тэрбум ам.доллар зарцуулаад байна.


Монголын Засгийн газар “Оюу Толгой”-н 34 хувийг эзэмшдэг бөгөөд одоогийн байдлаар уг баялгийн 80 орчим хувь нь газрын хөрсөн доор бий. Дэлхийн олон ил уурхайн ашиглалтын хугацаа аажмаар дуусаж байгаа өнөө үед энэ мэт шинэ эх үүсвэрийг олох нь улам бүр хэцүү болж байна.

Холбоотой мэдээ