Дорнын Эдийн засгийн II чуулга уулзалт эхэллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭВЛАДИВОСТОК. /TASS/. Дорнын Эдийн засгийн 2 дугаар чуулга уулзалт ОХУ-ын Владивосток хотод өнөөдөр эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх уг арга хэмжээнд Оросын болон гадаадын 2500 орчим төлөөлөгчид оролцож байна.
“Алс Дорнодыг нээх нь” уриан дор болж буй форумын гол сэдэв нь Ази-Номхон далайн бүс нутагт эдийн засгийн интеграцийг өргөжүүлэх, Алс Дорнодын бүс нутагт томоохон төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг татах асуудал юм.
Чуулга уулзалтын үеэр 1,6 их наяд рублийн үнийн дүн бүхий 142 хэлэлцээрт гарын үсэг зурна гэж Алс Дорнод дахь Ерөнхийлөгч В.Путины бие төлөөлөгч бөгөөд чуулга уулзалтыг зохион байгуулах хорооны дарга Юрий Трутнев мэдэгдлээ. Тэрбээр хэлэхдээ, Дорнын Эдийн засгийн анхдугаар форумын явцад 1,8 их наяд рублийн үнийн дүн бүхий 92 хэлэлцээр байгуулж байсныг дурдсан байна.
Энэ удаагийн чуулга уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар болон 28 орны 57 компанийн топ менежерүүд, Оросын 200 гаруй компанийн захирлууд оролцож байгаа юм.
Чуулга уулзалт “Русский” арал дахь Алс Дорнодын Холбооны их сургуулийн хичээлийн байрнуудад явагдаж байна. Иймээс хичээлийн шинэ жилийн нээлтийг 12-нд хийхээр хойшлуулж, харин сайн дурын ажилтан оюутнууд зочид, төлөөлөгчдөд тусалж байгаа ажээ.
Х.Сарнай