“TikTok” Европ дахь хэрэглэгчдийнхээ мэдээллийг хамгаалах шинэ арга хэмжээнүүдээ танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
khulan@montsame.gov.mn
2023-03-09 16:06:38

ДАБЛИН. /Xinhua/. Хятадын нийгмийн сүлжээний “TikTok” платформ Европ дахь хэрэглэгчдийнхээ мэдээллийн аюулгүй байдлыг бэхжүүлэхийн тулд авч хэрэгжүүлэх шинэ арга хэмжээнүүдээ лхагва гарагт танилцуулжээ.


Үүнд, Европ дахь “TikTok” хэрэглэгчдийн мэдээлэлд хандах, Европоос гадуур өгөгдөл дамжуулах явцыг хянах хамгаалалтын шат дамжлагуудыг нэвтрүүлэх замаар хэрэглэгчдийн мэдээллийн хяналтыг сайжруулах арга хэмжээнүүд багтсан байна.


TikTok”-ийн мэдээлснээр, аливаа мэдээлэлд хандахад холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөөд зогсохгүй хамгаалалтын шат дамжлагууд, нэмэлт хяналт шалгалтыг давах шаардлагатай болох ажээ. Мөн эдгээр процессыг Европын аюулгүй байдлын компани хариуцна.


Үүний зэрэгцээ “TikTok” хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг хангах дэвшилтэт технологийг нэвтрүүлэхээр болсноос дурдвал, хувийн мэдээллийг хуурамч нэрээр нэрлэх бөгөөд ингэснээр нэмэлт мэдээлэлгүйгээр хувь хүнийг таних боломжгүй болох юм байна.


Тус компани нь Ирланд, Норвегт хоёр шинэ дата төвөө нэмж байгуулснаар энэ оноос Европ дахь хэрэглэгчдийнхээ мэдээллийг тэнд хадгалдаг болжээ. Өнгөрсөн онд “TikTok”-ийн Европ дахь анхны дата төв Ирландын Даблин хотод байгуулагдсан юм.


Project Clover” хэмээн нэрлэж буй шинэ арга хэмжээнүүдийг энэ оноос 2024 он хүртэл үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Өдгөө “TikTok” нь Европ даяар 150 сая гаруй хэрэглэгчтэй болжээ. 

Холбоотой мэдээ