ГОВЬ-АЛТАЙ: "Ээжүүдээ сонсъё" хэлэлцүүлэг өрнүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-03-07 15:29:19

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас "Ээжүүдээ сонсъё" хэлэлцүүлгийг гуравдугаар сарын 7-ны өдөр зохион байгууллаа.


Энэхүү хэлэлцүүлгийн хүндэт зочдоор Нэгдсэн эмнэлгийн Ургийн эхо оношилгооны эмч, Анагаах ухааны магистр Ц.Пүрэвсүрэн, Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн Түүх, нийгмийн ухааны багш Н.Нарантуяа, Усан спорт, чийрэгжүүлэлтийн газрын дэргэдэх Мас-Рестлинг, Пауэрлифтинг, фитнесийн багш, дасгалжуулагч З.Сарантуяа, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Говь-Алтай салбарын тэргүүн, Нара фэйшн, ДУВА брэндийг үүсгэн байгуулагч Э.Энхнаран нар уригдан оролцов. Тэд өсвөр насны охидод амьдралын эерэг зөв дадал төлөвшүүлэх, нийгэмд хэрхэн байр сууриа олох, хувь хүний хөгжил, гэр бүл, эрүүл мэндийн боловсрол эзэмших, мэргэжил сонголтын талаар туршлага хуваалцаж, санал солилцсон юм.


Дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй энэхүү хэлэлцүүлгийг энэ жил "Харилцан хүндэтгэе" үндэсний аяны хүрээнд зохиож буйгаараа ихээхэн онцлогтой боллоо. 

Энэхүү хэлэлцүүлэгт өсвөр насны охид оролцож, хувь хүний хөгжил, боловсрол, гэр бүл төлөвлөлт, эрүүл мэнд, мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар мэдээлэл авч, мэдлэгээ бататгав. Ингэснээр Алтай нутгийнхаа хөгжилд оюуны болон сэтгэлийн бүтээлч хувь нэмрээ оруулах иргэд болон төлөвших ач холбогдолтой юм гэдгийг ГБХЗХГ-аас онцолсон юм.


Хэлэлцүүлгийг тус аймгийн ЗДТГ, ГБХЗХГ, "Дэлхийн зөн Говь-Алтай" орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, "Сүхбаатарын Болормаа" сан, "Харилцан хүндэтгэе" үндэсний аян, Говь-Алтай аймгийн Залуучуудын хөгжлийн төв хамтран зохион байгуулав.

Холбоотой мэдээ