Т.Мөнхтөр: ХАА-н салбарт олон улсын стандартад нийцсэн экспортын эрхзүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-03-03 12:58:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан ‘’Хүнсний хангамж, аюулгүй байдал’’ үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд төр, засаг, мэргэжлийн байгууллагуудаас Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчидтэй зөвлөлдөн, санал солилцож байна. Зөвлөгөөнд “Үндэсний үйлдвэрлэл ба экспорт” сэдвээр илтгэл тавьсан “Метагро” компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхтөртэй ярилцлаа.


-"Хүнсний хангамж, аюулгүй байдал’’ үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнсний компаниудад хүний нөөцөө бүрдүүлэх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжууд хэр нээгдэж байна вэ?

-Манай ХАА-н салбар нь Монгол Улсад уул уурхайн дараа орох экспортын боломжит үйлдвэрлэлийн салбар юм. Энэ талаар төрийн тэргүүн санаачлан дэвшүүлж, өнөөдрийн зөвлөгөөнөөр хөндөж байгаа нь энэ салбарт ажиллаж буй бидний хүсэн хүлээсэн зүйл учир талархалтай хүлээн авч байгаа. Манайд газар нь, талбай нь, мал сүрэг нь байна, боломж нөхцөл их бий. Тиймээс мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд орчин үеийн техник, технологийг оруулж ирэн нэвтрүүлснээр олон улсын стандартыг хангасан ХАА-н бүтээгдэхүүнийг экспортлох бүрэн боломжтой.


Харин одоо газар тариаланд таримал ургац, мал аж ахуйд махаа гаргах экспортын, олон улсын стандартын дагуу хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өгөх хэрэгтэй байна. Энэ талаар би илтгэлдээ дурдсан.

Хүний нөөцийн хувьд эрчимжсэн мал аж ахуй, тэргүүлэх үйлдвэрлэлийн газар тариаланг хөгжүүлэх мэргэжлийн боловсон хүчин өнөөдрийн байдлаар манай улсад ихээхэн хомс байна. Тиймээс эхний ээлжид гадаадаас мэргэжилтэн авчирч ажиллуулах, тэднээс манай ажилчид сурах, эсвэл үндэсний мэргэжилтнүүдээ гадаадад сургаж дадлагажуулах шаардлага яалт ч үгүй тулгарч байна.

ХАА-н салбарт шинэ техник, технологиос суралцах ид үе болж байна. Тиймээс гадаадын мэргэжилтнүүд маш хэрэгтэй байгаа энэ үед тэднийг оруулж ирэхэд гардаг зардал, тулгардаг хязгаарлалт буюу квотын хэмжээнд төр, засаг анхаарч дэмжих шаардлагатай байна.


-Танай компани ХАА-н салбарт олон үйлдвэрлэл, бүтээн байгуулалтыг эхлүүлж байна. Хөрөнгө оруулалт, санхүүжилтээ яаж шийдэж байна вэ?

-Бид өөрсдийн дотоодын нөөц бололцоо болон олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас хөрөнгө оруулалт татаж, 2021 оноос санхүүжилтээ хийж, өнгөрсөн оноос үйл ажиллагаагаа жигдрүүлээд явж байна. Эхний гурван жилийн хөрөнгө оруулалтаа төлөвлөсөн.

Олон улсын санхүүгийн байгууллагууд Монголд ХАА-н салбарыг хөгжүүлэх сонирхол ихтэй, дэмжин ажиллаж байна. Энд гарч буй нэг асуудал нь газар тариалангийн компаниуд зээл авахад газрын үнэлгээ маш бага байдаг тул барьцаа гаргахад хүндрэлтэй байдаг. Үүнд төр, засаг, мэргэжлийн байгууллагууд анхаарах хэрэгтэй байна.

-Та илтгэлдээ газар тариаланд үржил селекцийн, ургамал хамгааллын мэргэжлийн агентлаг байгуулах шаардлага тулгарч буйг хөндсөн. Энэ талаар тодруулна уу?

-Ийм байгууллагууд өмнө нь байсан. Одоо ч зарим нь үйл ажиллагаа явуулж буй ч төсөв, хөрөнгийн асуудалтай байгаа. Харин энэ талаар хувийн хэвшлийн зүгээс юу хийх боломжтой вэ гэвэл, бид өөрсдийн санхүүжилтээр гадаадаас сайн чанарын үүлдэр угсааны үхрийн үр импортолж авчраад зохиомол хээлтүүлэг хийх бас нэг боломж бий. Энэ нь малчдад тустай.


Бид малчдад 50 үхэртэй байснаас 50 үнээтэй болчих гэж хэлж байгаа. 50 үхэртэй байхад жилд дунджаар 12 үхрээ борлуулах бол 50 үнээтэй болчих юм бол зохиомол хээлтүүлгээр 35-40 үхрээ тугалаас нь эхлээд бяруу хүртэл борлуулж, жилдээ 40-50 сая төгрөгийн орлоготой болох, улмаар бэлчээрийн даацыг бууруулж, малын тоог багасгах, малчдын орлого өсөх ашигтай үр дүн гарна гэв.


Тэрбээр “Үндэсний үйлдвэрлэл ба экспорт” илтгэлдээ, махны экспорт дээр эрүүл малыг хамгаалсан бүс нутгийн эрхзүйн бүрдүүлэлтийн стандартыг хурдан баталж шийдэх, олон улсын итгэмжлэгдсэн лабораториудыг байгуулах, экспортлох мах, махан бүтээгдэхүүн дэх үлдэгдэл эмийн бодисыг хэмжиж үзэх, хүнсний аюулгүй байдлын кодыг нэвтрүүлэх зэрэг санал хэлж байлаа. Олон улсын ийм шаардлага, стандартуудыг манай улс хурдан нэвтрүүлж чадвал махны экспорт богино хугацаанд сэргэн хөгжих боломжтой байна гэв. 

 

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ