Оюутолгой: Хүдрийн тэсэлгээ ахицтай байснаар гүний уурхайн олборлолт эхлэхэд бэлэн болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-03-02 13:08:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Оюутолгой" ХХК өнгөрсөн онд Монгол Улсын Засгийн газарт татвар, хураамж, бусад төлбөрт 314 сая ам.доллар буюу 980 тэрбум төгрөг төлжээ. Тус компаниас өнөөдөр 2022 оны үйл ажиллагааны IV улирлын тайлангаа сэтгүүлчдэд танилцуулах үеэр ийнхүү мэдээллээ.

Компанийн Гүнийн уурхайн төслийн захирал Жак Ван Тондер хэлэхдээ, “Бид өнгөрсөн оны эхээр цар тахлын дараах шинэ нөхцөл байдалд шилжиж, гүний уурхайгаа нээж, анхны тэсэлгээг хийсэн. Энэ онцлох үйл явдлыг хамтдаа тэмдэглэсэн нь үнэхээр бахдам байлаа. Түүнээс хойш бид өнөөдрийг хүртэл хүдэр буулгах нийт 19 буулгалтын тэсэлгээг хийгээд байна” гэв.



Ингэснээр гүний уурхай (панель 0)-н тогтвортой үйлдвэрлэл буюу олборлолтыг энэ оны эхний улиралд буюу энэ сарын 13-нд эхлүүлэхэд бэлэн болж, бэлтгэлийг хангаад буйг мэдээллээ. Өмнө нь 2023 оны эхний хагаст эхлүүлэхээр төлөвлөж байжээ. Өнгөрсөн хугацаанд хүдэр буулгалтын тэсэлгээ ихээхэн ахицтай байсны үр дүнд ийнхүү хугацааг урагшлуулах боломж гарсан байна.



Тэсэлгээ хийх явцад өнгөрсөн оны 12 дугаар сарын эцсийн байдлаар агааржуулалтын урд болон хойд амын нэвтрэлт газрын гүнд 378-аас 507 метрт хүрчээ. (Энэ нь 1148-1149 метрт хүрснээр газрын гүн дэх босоо нэвтрэлтийн үйл ажиллагаа дуусах аж). Харин гүний уурхайн хөндлөн малталтын гүйцэтгэл 15.955.1 метрийн ахицтай байна.



Хүдрийн биетийг газрын гадарга руу тээвэрлэх туузан дамжуулагчийн барилга угсралтын ажил 2022 оны сүүлийн улирлын турш үргэлжилснээр барилгын ажил дуусаж, бүтээн байгуулалтад ажиллах бусад гүйцэтгэгчийг уурхайн талбарт хүлээн авсныг мэдээллээ. Компанийн өнгөрсөн оны эцсийн байдлаарх нийгэм, эдийн засгийн бусад мэдээллийг танилцуулахад:

  • Өнгөрсөн онд тус компани 863 ханган нийлүүлэгчтэй хамтран ажиллажээ. Үүний 567 нь үндэсний ААН-үүд байна. Эдгээр компанид худалдан авалтын 75 хувийг зарцуулжээ. 2010 оноос хойш "Оюутолгой" ХХК үндэсний худалдан авалтад 4.93 тэрбум ам.доллар зарцуулаад байна.
  • Өнгөрсөн оны эхнээс хэрэгжиж эхэлсэн Хөдөлмөрийн тухай шинэчилсэн хуулийн хүрээнд шинээр ажиллагчдын тоо 25 хувиар буюу 5000-аар нэмэгджээ. Компанийн нийт ажилчдын 97 хувь нь монголчууд байна.
  • Нэг тонн хүдэр боловсруулахад нөхөн сэлбэлтээр авсан усны хэмжээгээ доод түвшинд хадгалж чаджээ. Тодруулбал, нэг тонн хүдэр боловсруулахад 0.4 шоо метр ус хэрэглэж байна. Энэ нь усны үр ашигтай хэрэглээгээр зэсийн ижил төстэй уурхайнуудад тэргүүлж байна.
  • Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан дэвшүүлсэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг тууштай дэмжин, Улаанбаатар хот болон Өмнөговь аймагт, мөн уурхайн талбарт нийт 50 мянган мод тариад байна. Богд уулын 20-50 га газрыг ойжуулахаар мөн ажиллаж байна. 100 сая мод хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн 5 суманд мод үржүүлэх газар байгуулах, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндийд 200 га газарт орхигдсон газрыг нөхөн сэргээнэ.


Өнөөдрийн танилцуулах уулзалтад компанийн гүйцэтгэх захирал, хатагтай Дэйрдрэ Лингенфэлдер оролцож хэлэхдээ, “Бид гүний уурхайн олборлолтоо эхлүүлэх түүхэн цаг хугацаанд тулж ирлээ. Өнгөрсөн онд Ханбогд сумын хөгжлийн хурдасгуур санг байгуулсан нь онцлох үйл явдал байлаа. Ингэснээр тус сумыг тогтвортой хөгжүүлэх үндэс суурийг улам бүр баталгаажуулсан" гэдгийг хэллээ. 


Тэрбээр, “Гүний уурхайн үйлдвэрлэлийн хүчин чадлыг тогтмол нэмэгдүүлснээр ажилтнуудынхаа аюулгүй байдалд анхаарах тэргүүлэх зорилт хэвээрээ байх болно” гэдгийг онцлоод, Оюутолгой дэлхийд тэргүүлэх зэс, алтны уурхай болгох замдаа эргэлт буцалтгүй орж байна. Гэхдээ бид бүхэн зөвхөн хамгийн том уурхай байх бус, хүмүүс, нийгэмд эерэг нөлөө үзүүлдэг уурхай болж хөгжиж, төлөвшиж байна" хэмээн зорилтоо тодотгосон юм.





ТҮрүү дурдснаар тус компани ажилчдын тоогоо нэмсний үний үр дүнд орон нутгаас буюу Өмнөговь аймгаас ажилчдын тоог 67 хувиар нэмэгдүүлжээ. Уул уурхайн салбарын ажилтнууд ар гэрээсээ урт хугацаагаар хол орон нутагт ажилладаг тул гэр бүл салалт гарах эрсдэлтэй гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад энэ талаар тодорхой зохицуулалт оруулсан. Хуулийн 92 дүгээр зүйлд “Уртын ээлжээр ажиллуулах” гэсэн заалтыг тусгасан бөгөөд 92.4-т “Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна” хэмээн тусгасан заалтыг үндэслэн уурхайн үйл ажиллагаанд нэг ээлжийг нэмэгдүүлсэн байна.

Мөн уурхайн ажилтнууд гэр бүл, үр хүүхэддээ зориулах цагийг нэмэгдүүлэхэд анхаарч эхнэр нь амаржсан эцгүүдэд 18 долоо хоног буюу 4 сарын цалинтай чөлөө олгох болсныг Хөдөлмөрийн харилцаа хариуцсан менежер Ж.Эрдэнэбилэг мэдээлсэн юм.


Тодруулж мэдээлэхэд, "Оюутолгой" ХХК нь анх 2013 оны 7 дугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргаж эхэлсэн юм. “Рио Тинто” компани “Туркойз Хилл Ресурс” компанийн эзэмшлийг худалдан авсан. Ингэснээр “Рио Тинто” нь Монгол Улсын Засгийн газартай харилцах харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бүрэн анхаарч, "Оюутолгой" төслийн засаглал болон эзэмшлийг илүү ойлгомжтой, хялбар болгон төслийг урагшлуулах боломжтой болсныг мэдээлж байна. 



Холбоотой мэдээ