Монгол, Чех хооронд байгуулсан нийгмийн хамгааллын хэлэлцээр хэрэгжиж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийгмийн хамгааллын тухай Монгол, Чех хооронд байгуулсан хэлэлцээр 3 дугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ.
Ингэснээр Чех Улсад ажиллаж, амьдарч буй Монголын 12 мянга гаруй иргэний нийгмийн баталгаа хангагдаж, тэтгэврээ шилжүүлэн авах боломжтой болж байна. Тэтгэврийг Монгол Улс, БНЧУ-ын хууль тогтоомжийн хүрээнд шийдэх бөгөөд хэлэлцээрт Монгол Улсын Нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргийн, Тэтгэврийн даатгалын сан болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох тэтгэврийн, харин БНЧУ-ын хувьд Тэтгэврийн даатгалаас олгох тэтгэврийн, Нийгмийн даатгалын шимтгэл, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой төрийн бодлого, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх үүргийн тухай тэтгэвэр хамаарах аж.
Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс
хоорондын хэлэлцээрт хоёр тал 2019 оны 5 дугаар сарын 20-нд Прага хотноо гарын
үсэг зурсан бол 2023 оны 1 дүгээр сард хэлэлцээрийг хэрэгжүүлэх удирдлагын тохиролцоонд гарын үсэг зурж эцэслэсэн юм. Даатгуулагч нь Монгол Улс болон БНЧУ-д шимтгэл төлж
ажилласан хугацаагаа нэгтгэн тооцож байж аль нэг талын хуулийн дагуу тэтгэвэр
тогтоолгохдоо энэ асуудлыг хариуцсан 2 улсын байгууллагад өргөдөл гарган, хугацаагаа нэгтгэн тооцуулж, тэтгэвэр тогтоолгоно. Хэрэв даатгуулагч
Монгол Улсад тэтгэвэр тогтоолгох бол Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу, БНЧУ-д тэтгэвэр тогтоолгох бол тус улсын холбогдох
хууль тогтоомжийг мөрдөнө.
Тухайлбал, Монгол Улсын иргэн “Д” Монгол Улсын нийгмийн
даатгалд 14 жил шимтгэл төлсөн, БНЧУ-д 21 жил ажиллаж, амьдрахдаа тус улсын
тэтгэврийн даатгалд мөн хамрагдсан гэвэл хэлэлцээр хэрэгжээгүй цаг үед Монгол
Улсын хуулийн дагуу 60 нас хүрсэн ч, өндөр насны
тэтгэвэр авахад шимтгэл төлсөн байх хугацааны доод хязгаар 20 жилийг
хангаагүй тул 14 жилд ногдох бүрэн бус хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох эрхтэй. Хэрэв “Д”-ийн Монгол Улсад шимтгэл төлсөн хугацаа 10 жилээс доош
байвал НДС-гаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй.
Хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр иргэн “Д” нь БНЧУ, Монгол Улсад шимтгэл
төлсөн жилээ нэгтгэн 35 болгон тооцуулж, 2 орноос тэтгэвэр тогтоолгох
эрх үүсэж байгаа юм.
Иргэн “Д” нь
тэтгэврийн нас, шимтгэл төлсөн хугацааны хувьд манай улсын хуульд
заасан шаардлага хангаж байгаа тул өргөдлөө гаргаж, Монгол Улсад өндөр насны
тэтгэврээ эхлээд тогтоолгоно. НДБ “Д”-ийн 35 жил шимтгэл төлсөн хугацаанд авах тэтгэврийг Монголд авч байсан
цалин хөлснөөс нь бодож, түүнээсээ 14 жилд ногдох хэсгийг Монголын тэтгэврийн
даатгалын сангаас сар бүр олгоно.
Мөн БНЧУ-ын хуулиар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх
үүсэх нас эмэгтэй 57, эрэгтэй 60 нас, шимтгэл төлбөл зохих хугацааны доод
хязгаар 2010 он хүртэл тэтгэвэр тогтоолгосон иргэдийн ажилласан хугацаа 25 жил
байсан бол одоо 35 жил ажиллан тэтгэвэр тогтоох учир “Д” нь насны хувьд тус
улсын хуулийн шаардлага хангаж байна. Иймд иргэн “Д” БНЧУ-ын талд өргөдөл
гаргаснаар 35 жил шимтгэл төлсөн хугацаанд авах тэтгэврийг цалин
хөлснөөс нь бодож, түүнээсээ тус улсад шимтгэл төлсөн 21 жилд ногдох тэтгэврийг
Чех Улсын тэтгэврийн сангаас “Д”-д сар бүр шилжүүлэн олгох аж.