ЗАВХАН: Идэр сум ирэх хавар тарих модоо үрслүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-03-01 14:33:13

Улиастай /МОНЦАМЭ/. Идэр сум “Тэрбум мод“ үндэсний хөтөлбөрийг дэмжиж, 6000 орчим мод тарьж ургуулж байна.

Тус сум жил бүр мод, бут тарих, цэцэрлэгжүүлэлтийн ажлыг тодорхой төлөвлөгөөний хүрээнд хийдэг. Өнгөрсөн жил гэхэд, ойн мэргэжлийн зургаан аж ахуйн нэгж 3.5 га талбайг 4.5 сая төгрөгийн хөрөнгөөр хайс хамгаалалт хийж, 4500 тарьц суулгацыг тарьж, арчилж ургуулсан байна.


Харин сумын албан байгууллагууд, айл өрх, сургуулийн төгсөгчид нийт 800 мод тарьж ургуулаад байна. Харин Шинэ Ази группээс Хамба хутагтын цэцэрлэгт хүрээлэнг шинээр тохижуулж, гацуур, нарс зэрэг мөнх ногоон моднуудыг тарьсан. Цэцэрлэгт хүрээлэнгийн мод бутыг арчилгаа, усалгааг хариуцах цэцэрлэгч томилон цалинжуулан ажиллуулж эхлээд байгаа. Түүнчлэн аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас олгосон хүлэмжийг хүлээн авч, энэ хүлэмжид тухайн жилдээ тарьж ургуулах модны тарьцыг суулгаж арчилдаг. Өнгөрсөн жил суулгасан 8000 модны үрийг үрслүүлсэн, энэ хавар болон ирэх намар дээрх үрсэлгээгээр мод тарьж ургуулах юм.



Идэр сум нь 3,8 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай, нутгийн 14,5 хувийг ой мод эзэлдэг. 2022 онд байгалийн сэргэн ургалтад туслах ажлыг аймгийн хэмжээнд гурван суманд нийт 27 га-д хийсний нэг нь Идэр сум юм. Мөн сумын ойн мэргэжлийн байгууллагууд өөрийн хөрөнгийн ойжуулалтын ажлаар 18 га газарт мод бут тарьжээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх. Экологийн тэнцвэрт байдлыг хангах нь нэн тэргүүний зорилт болоод байгаа. Тиймээс сумын ойн сангийн нөөцөө хамгаалах, нэмж ойжуулалтын ажлыг мэргэжлийн байгууллагуудын дэмжлэгээр жил бүр хийх.


Мод тарьсны дараа арчилж тордож ургуулах нь чухал юм. Ялангуяа мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, зөвлөгөө чухал. Тиймээс модны суулгацаа эхлээд хэрхэн зөв суулгах, цаашид хариуцсан, тарьсан модоо хэрхэн арчилж ургуулах вэ гэхчлэн мод тарих ажилд оролцож байгаа аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд мод тарих мэргэжил арга зүйн зөвлөгөөг байгаль хамгаалагчид байнга өгдөг. Мөн сум дундын ойн ангиуд, ойн сангийн мэргэжилтнүүд, аймгийн байгаль орчны салбарын мэргэжилтнүүд мод тарьж ургуулах, арчлах талаарх зөвлөгөө мэдээллийг байнга өгч байгаа нь үр дүнгээ өгч байна гэж Идэр сумын ЗДТГ-аас мэдээлэв.

 


Завхан аймаг "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 2022 онд 15 нэр төрлийн 298289 мод, сөөгийг тарьж, ургуулж байна. 2031 он хүртэл 10 жилийн хугацаанд 25 сая мод тарих зорилт тавин ажиллаж байгаа. Тиймээс эхний гурван жилд бэлтгэл ажил хангах суурь судалгаа хийх. Тарьц, суулгацын нөөц бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна. 2022 онд тус аймагт улсын болон орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр ойжуулалтын ажлыг 50 га-д, 9 га ойн төгөл, ойн зурвасыг байгуулсан. Харин уул уурхайн компаниуд 8 га-д, сумын ногоон байгууламж, хамгаалалтын зурвасыг 14,5 га-д гээд аймгийн хэмжээнд нийт 126,5 га талбайд 15 нэр төрлийн 298 289 ширхэг мод, сөөг тарих ажлыг хийгээд буй.   


"Тэрбум мод" хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд Завхан аймаг нэгдсэн бодлоготой ажиллаж байна. 

Тухайлбал, аймаг, сумандаа ойн мэргэжилтэн бэлтгэх сургалт үйлдвэрлэлийн төв, коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрийг харилцан уялдаатай болгох. Суралцагчдыг шатлан суралцах боломжийг бүрдүүлээд байгаа.

Мод тарихдаа иргэд, аж ахуйн нэгж мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөөг авч арчилгаа усалгааны асуудалд илүү анхаарах. Модлог ургамлын үр, тарьц, суулгац бэлтгэж байгаа хувийн хэвшлүүдийг орон нутгаас дэмжин мод үржүүлгийн зориулалтаар ашиглаж байгаа газрыг газар ашиглалтын төлбөрөөс чөлөөлжээ.

 

Моддын аж ахуйн ач холбогдлыг илэрхийлэх зорилгоор насны бүлэгт хуваадаг. Моддын насны бүлэг тухайн модны биологийн онцлог, өсөлт, хөгжилт, аж ахуйн ач холбогдлоос хамаараад модны төрөл тус бүрд харилцан адилгүй байдаг аж. Завхан аймгийн ойн санг насны бүлгээр нь авч үзвэл 85.83 хувь нь болц гүйцсэн хөгшин мод, 8.21 хувь нь дундаж насны мод, 5.84 хувь нь болц гүйцэж яваа мод, 0.12 хувь нь залуу модод тархсан байна.

Дээрх судалгаанаас харахад болц гүйцсэн хөгшин ой зонхилон тархжээ. Иймд ойн экологи-эдийн засгийн ач холбогдол, ойн хэвийн нөхөн ургах нөхцөл боломжийг алдагдуулахгүйгээр огтлолтын зөв арга технологоор ашиглах. Ойжуулалт, ойг нөхөн сэргээх, арчилгаа, цэвэрлэгээ хийх зэрэг ойн аж ахуйн арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлэх замаар ойн санг аажмаар насны зөв жигд бүтэцтэй болгох шаардлагатай байгаа юм.

Идэр сумын тухайд Завхан аймгийн ойн сангийн чухал газар нутаг. Тиймээс тус сумын ойн мэргэжлийн байгууллагууд, улсын төсвийн болон өөрсдийн хөрөнгөөр ойжуулалт, ойн сэргэн ургалтад туслах, хамгаалалтын зурвас байгуулах, ойн цэвэрлэгээний ажлуудыг хийдэг.

Тухайлбал, 2020, 2021 онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр Идэр сумын Мануустай багийн нутаг Ямаатын эх, Сонгинот эрэг нэртэй газарт, "Отгон баян уул" ХХК 28 га талбайд ойжуулалтын ажил хийж, 85 хувийн амьдралттай хүлээлгэж өгсөн байна.

Мөн улсын төсвийн хөрөнгөөр Идэр сумын Мануустай багийн нутаг Ямаатын эх Сонгинот эрэг нэртэй газарт "Шилмүүст хангай" ХХК 30 га талбайд ойжуулалтын ажлыг гүйцэтгэж, 90 хувийн амьдралттай хүлээлгэн өгсөн.

Идэр сумын Мануустай багийн нутаг Ямаатын амны доод үзүүр Цахирын дэнж нэртэй газарт 8 га талбайд, мод бэлтгэлийн үйл ажиллагаа явуулдаг ойн мэргэжлийн байгууллагууд хамтран өөрийн хөрөнгөөр ойжуулалтын ажлыг хийж, 80 хувийн амьдралттай хүлээлгэж өгсөн байна гэж Завхан аймгийн БОАЖГ-аас нэмж дуулгав. 

Холбоотой мэдээ