Д.Трамп Мексикт айлчиллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-09-01 14:15:31

МЕХИКО. /ВВС/. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп Мексикт айлчилж, тус улсын Ерөнхийлөгч Энрике Пенья Ньето-той уулзлаа.

Трампын энэ айлчлалыг АНУ дахь латин америк гаралтай сонгогчдын дэмжлэгийг олж авах гэсэн оролдлого байж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.

Лхагва гарагт Мехико хотод Мексикийн төрийн тэргүүнтэй уулзсаныхаа дараа Трамп хамтарсан хэвлэлийн бага хурал хийжээ. Энэ үеэр Трамп хэлэхдээ “бид АНУ дахь хууль бус цагаачид болон худалдааны асуудлаар бодитой яриа хэлэлцээ хийлээ” гэлээ. Харин Пенья Ньето хэлэхдээ “хэлэлцээ үр дүнтэй боллоо” гэсэн байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Трамп “Мексиктэй залгаа АНУ-ын хилийн шугамын дагуу хана барина. Хана барих мөнгийг Мексикийн талаар гаргуулна” хэмээн нэг бус удаа хэлж байсан юм.

Хууль бус цагаачдын талаарх нэр дэвшигчийн байр суурийг Америкийн латин америк гаралтай сонгогчид төдийгүй Мексикийн Засгийн газар эрс шүүмжилж байсан билээ.

Трамп болон Мексикийн Ерөнхийлөгч лхагва гарагийн хэлэлцээний үеэр хилийн хананы талаар ярилцсан байна. Харин хана барих мөнгийг талуудын аль нь гаргах тухай ярилцаагүй ажээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ