ГОВЬ-АЛТАЙ: Улсын аваргууд шагналаа гардан авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-03-02 17:33:35

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Өнөө жил Говь-Алтай аймгаас Улсын хошой аварга малчин-2, аварга малчин-8, аварга тариаланч-1 тодорсон билээ. Энэ өдрүүдэд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан тойрогтоо ажиллан улсын аваргуудын шагналыг гардуулж байна.

Говь-Алтай аймгийн Чандмань сумын Өлзийбулаг багийн малчин Цагаачийн Батбямбаагийн гэр бүлд “Улсын Хошой аварга малчин”, Өлзийт багийн малчин Чилхаагийн Довчингийн гэр бүлд “Улсын аварга малчны шагнал”-ыг хотонд нь гардуулж өгөв.

Ч.Довчин нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар хоньчин Д.Чилхаа гуайн хүү бөгөөд аавынхаа ажилч, хичээнгүй, хөдөлмөрч занг өвлөн авч өрх тусгаарласнаас хойш 40 орчим жил малаа таван төрөл дээр нь өсгөн үржүүлэхдээ бэлчээрийг зөв зохистой ашиглах, малын үүлдэр угсааг сайжруулах, мал маллах сонирхолтой залуу гэр бүлийг малжуулах, аймаг, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах гээд олон зүйлд манлайлж яваа хөдөлмөрч гэр бүл юм.


Чандмань сумаас 23 жилийн дараа Улсын Хошой аварга, 36 дахь Улсын аварга малчин төрж байна. Энэ жил Чандмань суманд газрын гарц сайн, өнтэй сайхан өвөлжиж, хаваржаа сайхан болж байна.

Холбоотой мэдээ