"Ахлах боловсролын цөм хөтөлбөр" хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-09-01 11:30:16

Хичээлийн шинэ жилийн  9 сарын 1-ний өглөө шинэ хувцсаар гоёж, цүнхээ үүрсэн хүүхдийн дуу шуугиан  хүн бүрийн сэтгэлийг донслуулдаг. Ховд аймагт 2016-2017 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар төрийн 29 цэцэрлэг, хувийн 14 цэцэрлэгт 5600 хүүхэд, үүнээс Жаргалант сумын 3000 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна.

Ерөнхий боловсролын 24 сургуульд 1 дүгээр ангид 1848 хүүхэд хамрагдсан урьдчилсан мэдээтэй байна.

Ховд аймагт Боловсролын тухай шинэчилсэн хуулиар 6-8 настай хүүхэд, 7-8 настай хүүхэд элсэн суралцаж болно гэж заасны дагуу элсэгчдийн дүн 9 сарын 15-наас тодорхой болох юм байна.

Харин  энэ хичээлийн жилд шинээр  "Ахлах боловсролын цөм хөтөлбөр" хэрэгжих учраас 10 дугаар ангийн хүүхдүүд өөрсдөө хичээлээ сонгох болсноороо онцлог жил тохиож байна.

Ингэж сонгохдоо хөтөлбөрт заасны дагуу 10 дугаар ангидаа үзэх хичээлүүдийг заавал сурах, сонгон сурах, сонгон гүнзгий  судлах гэсэн хувилбаруудтай юм.

Заавал сонгох хичээл нь хүүхдүүд шинжлэх ухааны суурь мэдлэг эзэмшихэд зориулагдаж байгаа бол сонгон судлах нь тухайн бие хүн болж төлөвших явцдаа дизиан технологи, урлаг спорт, эрүүл мэндийн хичээл сонгоно.

Ингэснээр ирээдүйд амьдралаа авч явах, спорт, урлагийн авьяас ур чадвартай, эрүүл мэнд гоо сайханы хүмүүжлийг төлөвшүүлэх зорилготой гэнэ.

Харин сонгон гүнзгий судлах хувилбарт 10 дугаар ангийн хүүхдүүд ирээдүйн чиг хандлага, Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх ба заавал суралцах цаг буурч сонгон суралцах цаг нэмэгдэх юм байна.

Шинэ хөтөлбөр хэрэгжих гэж байгаатай холбоотой Ховд аймагт ахлах сургууль нэг, бүрэн бус дунд сургууль хоёр, бага сургууль гурвыг шинээр байгуулах төсөл яригдаж байна.

 

 А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ