Монгол-Оросын аялал жуулчлалын хөгжилд сэтгүүлчдийн оролцоо, хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-02-16 23:03:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, ОХУ-ын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийн оролцоо, хамтын ажиллагаа маш чухал. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүнд голлох үүрэг гүйцэтгэж, гүүр болох учиртайг ГХЯ-нд өнөөдөр болсон хоёр орны сэтгүүлчдийн уулзалтын үеэр БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга Т.Мөнх-Од онцоллоо.


Монгол-Оросын аялал жуулчлалын форумын хүрээнд болсон дээрх уулзалтыг Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, Монголын Аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгуулсан юм. Уулзалтыг нээж МОНЦАМЭ агентлагийн дарга Э.Содонтогос хэлэхдээ, төр, засгаас зарлаад буй “Монголд зочлох жил”-үүдэд манай улс ОХУ-аас жил бүр 250 мянган жуулчин хүлээж авах зорилготой байгаа. Энэ хүрээнд хоёр орны аялал жуулчлалын тур операторуудын форум, Монгол-Оросын сэтгүүлчдийн уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулж байгааг тодотгов. 

Тэрбээр, “Орос хэлээр гардаг Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээллийн тойм” сэдвээр тавьсан илтгэлийнхээ эхэнд Монгол Улс дахь хэвлэл мэдээллийн хэрэгслийн өнөөгийн байдлыг тоон мэдээллээр танилцуулж, МОНЦАМЭ агентлаг Монголд гадаад хэлээр, тэр дундаа орос хэлээр гарч буй ХМХ-ийн гол төлөөлөгч болж Монгол Улсаа дэлхийд сурталчлан ажиллаж буйг дурдлаа. Тус агентлаг нь Ази, Номхон далайн орнуудын мэдээллийн агентлагуудын байгууллагын гишүүн, гадаадын мэдээллийн агентлагуудын Монголын талаарх баталгаатай мэдээлэл авах гол эх сурвалж болдог. ОХУ-ын ТАСС, РИА Новости тэргүүтэй ХМХ-үүдийн мэдээллийн эх сурвалж нь болж ирснийг ч онцоллоо. 


Мөн Монгол Улсад МҮОНР-гийн “Монголын дуу хоолой” радио станцын нэвтрүүлэг, мэдээллийн “Монголия сейчас” сайт, нээлттэй хэлэлцүүлгийн талбар болох “Де факто Жаргал”, онлайн “Middle Asian News” талбар, “Монголия и Россия” сэтгүүл зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд орос хэлээр гардаг. Хоёр орны аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны хүрээнд “Монголд тавтай морил” платформоор дамжуулан Монгол-Оросын ХМХ-үүд харилцаа, холбоогоо хөгжүүлэх боломж нээгдэж байна. Энэ хүрээнд хоёр орны сэтгүүлчид монгол, орос, англи болон бусад хэлээр мэдээллээ гаргадаг МОНЦАМЭ агентлагийн бааз суурийг түшиглэн үйл ажиллагаагаа өргөжүүлж, хамтран ажиллах боломж нээлттэй байгааг тэмдэглэлээ. Тухайлбал, МОНЦАМЭ агентлагаас англи хэлээр эрхлэн гаргаж ирсэн “Mongolia Today” сэтгүүлийг хоер орны аялал жуулчлалыг хөгжүүлэх мэдээллийн гүүр болгон ашиглаж орос хэлээр тусгай дугаар хэлбэрээр гаргах боломжтойг тодотгов.


Улаанбаатар хотноо болж буй “Монгол-Оросын аялал жуулчлалын тур операторуудын форум”-д ОХУ-ын 27 бүс нутгийг төлөөлсөн 100 гаруй хүн манай улсад ирж оролцож байна. Мөн тус улсын хэвлэл мэдээллийн 35 байгууллагын сэтгүүлч хүрэлцэн ирж Монгол орныг сурвалжилж байгаа юм. 



Уулзалтад хоёр орны сэтгүүлчдийн байгууллага, сэтгүүлчдээс гадна аялал жуулчлал, бусад салбарын төлөөлөл оролцлоо. ОХУ-ын Сэтгүүлчдийн холбооны жинхэнэ гишүүн, Стратегийн аялал жуулчлалын агентлагийн шинжээч Игорь Сюч хэлсэн үгэндээ хоёр орны хооронд аялал жуулчлалын олон төрөл, чиглэлийг хөгжүүлэх боломжтойг дурдаж, үүнд “Байгаль нуураас Хөвсгөл хүртэлх маршрут”-ыг жишээ татав.  Мөн хоёр орны аялал жуулчлалын хамтын ажиллагаанд түүх, соёлын ач холбогдол өндөр гэдгийг онцолж, энэ талын аяллын хөтөлбөр, чиглэлийг гаргах боломжтой хэмээгээд олон мянган жилийн түүхтэй “Их цайны зам”-ын аяллыг сэргээхийг санал болгов.


Аялагч Ж.Золбаяр “Монголчууд гэж хэн бэ?” илтгэлдээ, эх орныхоо соёлын өв, уламжлал, үндэс угсааны түүхийг монголчуудын байгаль дэлхий, тэнгэрийг шүтэх үзлээр болон өөрийн үндэс гарлаар жишээ татан танилцуулсан юм. Тэрбээр, эртний Монголд цаасан мөнгө, өртөө зэргийг анхлан гаргаж, өнөөгийн банк, санхүү, харилцаа холбоог үндэслэснийг дурдаж байсан нь Оросын сэтгүүлчдэд сонирхолтой байлаа.


Уулзалтын нэг илтгэгчээр “Монголия и Россия” сэтгүүлийн ерөнхий редактор Юрий Кручкин оролцлоо. Монголчуудын эчнээ танил, орчуулагч, судлаач тэрбээр хэлэхдээ, XVIII, XIX зууны Монголыг Оросын нэр алдартай олон аялагч, эрдэмтэн дэлхийд дахин нээж байсан түүхийг дурдлаа. Орчин цагт ч Оросын эстрадын нэрт дуучин Андрей Макаревич, улстөрч Анатолий Чубайс, бизнесмен, тэрбумтан Михаил Фридман зэрэг алдартай, нэр хүндтэй хүмүүс Монголд зочилж ирсэн. Гэхдээ тэд олон улсын аялал жуулчлалын компаниудаар дамжин ирж байсан. Үүнээс санаа авч ийм алдартай жуулчдыг авчрах талаар хоёр орны аялал жуулчлалын компани, тур операторууд онцгой үүрэгтэй оролцох учиртайг зөвлөлөө.

 

Холбоотой мэдээ