Турк, Сирид байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 16 мянга давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-02-09 16:05:07

АНКАРА. /CNN/. Турк, Сирид даваа гарагт хүчтэй газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо 16 035-д хүрээд байна. 


Сирид байгалийн гамшгийн улмаас 3162 хүн амь эрсэдсэнээс 1900 нь баруун хойд нутгийн босогчдын хяналтад байдаг бүсэд амиа алдсан гэж “Цагаан дуулгатнууд” сайн дурын байгууллага мэдээлжээ. Тус улсын төрийн мэдлийн хэвлэлийн мэдээллээр, Засгийн газрын хяналтад байдаг бүсэд 1262 хүн амиа алдсан байна.


Харин Туркт амь эрсэдсэн хүний тоо 12 873-т хүрч нэмэгдсэн гэж тус улсын Онцгой байдлын газраас хамгийн сүүлд мэдээлээд байна. Байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо цаашид олноор нэмэгдэж болзошгүйг тусламжийн байгууллагууд анхааруулсаар байна. 


Эрэн хайх, аврах албаныхан байгалийн гамшигт өртсөн бүсэд нурангин дундаас амьд үлдсэн хүмүүсийг эрэн хайсаар байгаа бөгөөд Туркийн Газиантеп хотод нурангин доор 62 цагийн турш байсан хоёр эгч дүүг аварчээ.


Газар хөдлөлтийн улмаас Америкийн гурван иргэн амиа алдаад байгаа бол Австралийн дөрвөн иргэн сураггүй хэвээр байна гэж холбогдох албаныхан мэдээлжээ. Түүнчлэн амь эрсэдсэн хэмээн таамаглаж байсан Украины хоёр иргэн нэгэн барилгын нурангин доороос эсэн мэнд олдсон байна. 

Холбоотой мэдээ