Сэндбоксод орох хүсэлтийг хугацаа харгалзахгүй хүлээн авахаар боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-02-08 15:12:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Финтек технологид суурилсан санхүүгийн үйлчилгээнд хэрэгжүүлэх сэндбоксын зохицуулалтын орчны журмын шинэчилсэн найруулгаар сэндбоксод орох хүсэлтийг хугацаа харгалзахгүй хүлээн авахаар боллоо.


Мөн сэндбоксын орчинд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг цаг алдалгүй турших боломж бүрдэж, оролцогч нарт тавих шаардлага, үйл ажиллагаатай холбоотой харилцаа илүү тодорхой болж буй талаар СЗХ-ноос мэдээллээ. Тус хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж дээрх журмын төслийг хэлэлцсэн юм.


Одоо мөрдөж буй журмын санхүүгийн зохицуулагч байгууллагууд нь тус тусдаа сэндбоксын нэгжтэй байна гэсэн зохицуулалт нь журмын шинэчилсэн найруулгад Сэндбоксын албыг СЗХ хэрэгжүүлдэг байхаар тусгажээ. Журмын төслийг СЗХ-ны дарга, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч хамтран батлах юм.


СЗХ-ны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас баталсан “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөр”-ийн хүрээнд хийх ажлын дийлэнх хувийг СЗХ дангаар болон бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ. Ингэхдээ:

  • Үр дүнтэй буюу Ази, номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэг /АНДБМУТБ/-ийн дараагийн шатны харилцан үнэлгээнд бэлтгэх, 
  • СЗХ-ны зохицуулалттай салбаруудад мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг сайжруулж, тасралтгүй байдлыг хангах,
  • Дээрх хүрээнд “СЗХ-ноос Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө (2023-2030)”-г 8 зорилгын хүрээнд боловсруулаад буйг өнөөдрийн хуралдаанаар баталлаа.

Тодруулга: Сэндбокс нь финтек буюу технологийн дэвшилд суурилсан санхүүгийн үйлчилгээнд хөгжүүлэлтийн нэвтрүүлэлтийг туршин хэрэгжүүлж буй орчны зохицуулалт юм. Өнөөдрийн байдлаар дэлхийн 50 гаруй оронд хэрэгжүүлж байна. Жил ирэх тусам технологийн хөгжлийн нөлөөгөөр энэ төрлийн  компаниуд хурдтай өргөжсөөр байгаа юм. 

Манай улс санхүүгийн үйлчилгээнд шинээр нэвтэрч буй технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг дотоодын санхүүгийн зах зээлд нэвтрүүлэхэд зориулсан Сэндбокс зохицуулалтын журмыг баталсан юм

Холбоотой мэдээ