“iPhone”-ы хамгийн сүүлийн загварууд Хятадад хямдрав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2023-02-07 12:10:00

БЭЭЖИН. /CNBC/. Хятадын тэргүүлэх жижиглэнгийн худалдаачид дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох тус улсад ухаалаг гар утасны эрэлт сул байгаатай холбогдуулан “iPhone” гар утасны хамгийн сүүлийн үеийн загваруудын үнийг хямдрууллаа гэж "CNBC" телевиз мэдээлжээ. 


Тодруулбал, “Apple Inc”-ийн Хятад дахь албан ёсны борлуулагч, цахим жижиглэнгийн худалдаа эрхлэгч “JD.com”, жижиглэнгийн худалдаа эрхлэгч өөр нэг томоохон компани болох “Suning” компаниуд  “iPhone 14 Pro”, “iPhone 14 Pro Max” загваруудын үнийг 800 юаниар хямдруулсан байна. Хятадад одоо “iPhone 14 Pro” загвар 7 199 юань буюу 1 062 ам.доллароор, харин томруулсан дэлгэцтэй хувилбар нь 8199 юанийн үнээр худалдаалагдаж байгаа аж. 


Харин Хятад дахь “Apple”-ийн албан ёсны цахим хуудсанд үнэ өөрчлөгдөөгүй хэвээр буюу “iPhone 14 Pro” 7 999 юань , "Pro Max" загварын үнэ 8 999 юаниас эхэлж байна. 


“Apple” компани Хятад дахь бүтээгдэхүүнүүдийнхээ үнийг хатуу хянадаг бөгөөд гуравдагч этгээдэд хямдрал санал болгохыг ховорхон зөвшөөрдөг гэж “CNBC” тэмдэглэжээ. Хятадын жижиглэнгийн худалдаачид хамгийн сүүлд 2020 оны зургаадугаар сард “Apple”-ийн бүтээгдэхүүнүүдийг хямдруулж байжээ.


Судалгааны “IDC” фирмийн мэдээлснээр, өнгөрсөн онд Хятадад ухаалаг гар утасны борлуулалт 13.2 хувиар унаж, 285.8 сая болсон нь сүүлийн 10 жилд анх удаа 300 саяас доош буурсан үзүүлэлт юм. “iPhone”-ы борлуулалт 4 хувиар буурсан байна.

Холбоотой мэдээ